ХЭНТИЙ АЙМГИЙН МЯНГАТ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨ БОЛЖ БАЙНА

2022.09.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
“Хэнтий аймгийн мянгат малчдын зөвлөгөөнд” өнөөдөр Чингис хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд зөвлөгөөнд Хэнтий аймгийн 18 сум 5 тосгоны 140 гаруй малчид оролцож байна.
“Хэнтий аймгийн мянгат малчдын зөвлөгөөнд” өнөөдөр Чингис хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд зөвлөгөөнд Хэнтий аймгийн 18 сум 5 тосгоны 140 гаруй малчид оролцож байна.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хэлсэн үгэндээ “Ашигт малтмалын нөөц ашиглах явцдаа үргэлж дундарч, үгүй болж байдаг бол Монгол түмний мянга, мянган жил маллаж, адгуулсаар ирсэн малын буян нь байнга үржин арвижиж, өсөн нэмэгдэж Та биднийг цаг ямагт тэжээж, тэтгэж ирсэн, цаашид ч тэтгэсээр байх баялаг билээ. Энэхүү баялгийн эзэд бол та бүхэн. Жилийн дөрвөн улиралд, цаг, наргүй буянт малынхаа төлөө бие сэтгэлээ чилээж, уйгагүй хөдөлмөрлөж мал сүргийнхээ үр шимийг хүртэж амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн зэрэгцээ, улс орныхоо татварыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байдаг малчин түмэндээ талархал илэрхийлье” гэсэн юм.
Манай аймаг 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 12.0 мянган малчин, мал бүхий өрхөд 4.9 сая толгой мал тоологдсон нь өмнөх оноос малын тоо 5 төрөл дээр 5.8 хувиар өссөн дүн мэдээтэй байна. Аймгийн хэмжээнд 1142 малчин өрх мянгаас дээш толгой мал тоолуулсан нь аймгийн нийт мал сүргийн 32.6 хувийг эзэлж байна. Энэ онд “Улсын аварга малчин өрх”-өөр 13 малчин өрх, “Алтан төлийн эзэн”-ээр 8 малчин, “Аймгийн аварга малчин өрх”-өөр 41 малчин өрх, “Аймгийн аварга саальчин”-аар 4 саальчин тус тус шагнагдсан байна. Зөвлөгөөнөөр МАА-н салбарын өнөөгийн байдал, цаашдын бодлого чиглэлийн талаар ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан мэдээлэл хийхээс гадна улирлын цаг агаарын төлөв байдал, малчдын хөдөлмөр эрхлэлтийн талаар, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийнэ.