ЭМНЭЛЭГ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, АЙЛ ӨРХИЙН ХАЛААЛТ 9 САРЫН 15-НД, БУСАД БАЙГУУЛЛАГЫН ХАЛААЛТ 10 САРЫН 1-НИЙ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2022.09.01
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Аймгийн Засаг даргын Тамгын газар
Аймгийн хэмжээнд дулаанаар хангах тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 18 сумдыг дулаанаар ханган ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд дулаанаар хангах тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 18 сумдыг дулаанаар ханган ажиллаж байна.
Эдгээр байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын мэдээллийг Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн Д.Эрхэмбаяр аймгийн Засаг даргад танилцууллаа. Дээрх 20 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагаас зуухны засвар үйлчилгээг Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байгаа Ерөөл төгс ХХК, Баялаг хурах ХХК, Бор-Өндөр сумын Бор-Өндөр ДС, Батширээт сумын Буга Өндөр ХХК 100 хувь хийсэн бол бусад зуухнуудын хувьд 70-95 хувийн гүйцэтгэлтэй байна.
Харин гадна талбайн цэвэрлэгээг Цагаан цахир уул ХХК, Суно ХХК огт хийгээгүй байгаа бол бусад байгууллагууд 50-100 хувийн гүйцэтгэлтэй байна. Нүүрсний татан авалтын хувьд Цагаан цахир уул ХХК, Хос бар ХХК, Бор-Өндөр ДС бүрэн татан авчээ. Нүүрсний татан авалт тааруу байгаа нь уурхайн хөрс хуулалтын ажил тааруу байгаатай холбоотой бөгөөд 1 машин оруулахад 2 хоногт дүүргэлт хийж байгаа юм байна.
Мөн аймгийн удирдлагуудын зүгээс тог цахилгаан тасарсан тохиолдолд Дизель генератор ажиллуулж айл өрх албан байгууллагын дулааныг тасалдалгүй байлгах чиглэлийг бүх дулаанаар хангагч байгууллагуудад өгч байсан. Үүний үр дүнд одоогийн байдлаар Цахилгаан эрчим хүч тасарсан тохиолдолд ажиллах цахилгааны нөөц эх үүсгэврийг 15 сумын дулаан хангагч байгууллага авч аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Дашрамд сонирхуулахад Эмнэлэг, сургууль цэцэрлэг, айл өрхийн халаалт 9 дүгээр сарын 15-нд, бусад байгууллагын халаалт 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ.