ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХӨГЖЛИЙН ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022.08.23
Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтан “Хан Хэнтий уул минь” буюу Хэнтий аймгийн сүлд дууг нутгийн уран бүтээлчдийн санаачилгаар шинэчлэн дүрсжүүлэх, клипжүүлэхээр боллоо.
Түүхийн болон байгалийн дурсгалт, үзэсгэлэнт газар Хар зүрхний хөх нуурт Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн Хөгжлийн чуулган наймдугаар сарын 13, 14-ны өдөр болж өндөрлөлөө.
Уг чуулганд Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид, сум, тосгодын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн төлөөлөл, МУ-ын Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, ЁЗСХБХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн ажлын нэгдсэн алба, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, нийт сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нараас бүрдсэн 200 гаруй хүн оролцлоо.
Нутгийн зөвлөлийн чуулганаар өмнөх зохион байгуулалтын хурлаар даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн дарга Ц.Идэрбатыг тэргүүлэгчид дүрмийн хүрээнд сонгож баталгаажууллаа. Мөн нутгийн зөвлөлийн тэргүүн дэд даргаар Ц.Баатархүүг, Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Батбаяр, Г.Чинболор нарыг дэд даргаар, гүйцэтгэх захирлаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх М.Ганхүлэгийг дүрмийн хүрээнд сонгож баталгаажууллаа.
Чуулганаар Хэнтий аймгийн нутгийн зөвлөл орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллах талаар зөвшилцөж Хэнтий аймгийн Хөгжлийн төлөвлөгөөг гаргах, ард иргэдийг соён гэгээрүүлэх ажилд нутгийн зөвлөл манлайлан оролцох, Хэнтий аймгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд нутгийн зөвлөлийн оролцоо, гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж, саналаа нэгтгэлээ.
Үүнчлэн тэргүүлэгчид эрүүл мэнд, боловсрол, оюуны спорт, бүтээлийн талаар, дижитал Монгол зорилтод нийцсэн ажлууд хэрэгжүүлэх, нутаг орны хөгжлийн талаар хамтран ажиллахаа илэрхийлэв. Нутгийн Зөвлөлийн зүгээс сумдтайгаа хамтран ажиллах санамж бичгийг мөн байгууллаа.
Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтан “Хан Хэнтий уул минь” буюу Хэнтий аймгийн сүлд дууг нутгийн уран бүтээлчдийн санаачилгаар шинэчлэн дүрсжүүлэх, клипжүүлэхээр боллоо.
Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн иргэдийнхээ ойн оролцоог нэмэгдүүлэх үүднээс Хэнтий аймгийн уран бүтээлчдээс бүрдсэн урлагийн тоглолтыг ирэх 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлолоо.
Мөн уулзалтын үеэр Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдаж МУ-ын Харцага цолонд хүрсэн Батширээт сумын харьяат Г.Бадрахад хоёр өрөө байр, МУ-ын Начин цол хүртсэн Баянхутаг сумын харьяат О.Цэцэнгэлд “Ниссан Патрол Y61” маркийн авто машиныг гардуулав. Цаашдын бэлтгэл сургууль, Монгол бөхийн дэг жаяг, жудгийг мөрдөн барилдаж, амжилтаа ахиулахыг хүсэн хүндэтгэл үзүүлж, шагналыг Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, Аймгийн ЗДТГ, “Хан Хэнтийн Аварга Дэвжээ”, Улаанбаатар хот дахь сумдын Нутгийн зөвлөлүүд, “Хан Хэнтийн мөрдэстэн” клуб хамтран олгосон юм.
Нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд олон жил сэтгэл, зүтгэлтэй ажилласан Монгол төрийн дипломатын албанд зүтгэж буй, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, МУГЖ Г.Эрдэнэбат нарт Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн зүгээс хүндэтгэл үзүүлэв.
1189 онд Тэмүүжинийг Хамаг Монголын хаанаар өргөмжилсөн Сэнгүр горхины Хар зүрх уул, Хөх нуурын дэнж дээр Жонон Ханчин гэгээнтэн, Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийдийн лам нар ном айлтгал өргөж, уул усаа тахилаа.
Нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн Хөгжлийн чуулганыг хамтран зохион байгуулалцаж, идэвхийлэн оролцсон Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга, Аймаг, сумын ЗДТГ, Хурлын байгууллагууд, Хэнтий аймгаас төрөн гарсан уран бүтээлчид, Силк рөүд ХХК, Лийд Хэнтий Клуб, Хэнтий аймгийн Оюутан, Залуучуудын Холбоо, нийт тэргүүлэгчид та бүхэндээ халуун талархал илэрхийлье.
Хан Хэнтий Нутгаа Хамтдаа Хөгжүүлье.