Мэдээ мэдээлэл
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЦАГ ЗАХИАЛАХ УТСАНД 1000 ОРЧИМ ИРГЭН ХАНДЖЭЭ
Өнгөрсөн 3 дугаар сард аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Нэгдсэн эмнэлэгт ажиллах үеэр иргэд эмнэлэгт үзүүлэх оочир дараалал авахад хоног хугацаа алддаг, хөдөө сумаас ирж байгаа иргэд зөвхөн дугаар авахын төлөө хэд хоног хүлээх хэрэгтэй болдог талаараа ярьж байсан юм.
Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх, иргэд маань байгаа газраасаа эмнэлэгт үзүүлэх оочир авах боломжтой болгохыг Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад үүрэг болгосон.
Үүний дагуу 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн угтах үйлчилгээн дээр цаг захиалах утас буюу 7056-2103 дугаарын утсыг суурилуулсан юм.
Гэхдээ биечлэн ирж дугаар авч байгаа иргэдийгээ чирэгдүүлэхгүй тул 11-15 цагийн хооронд утсаар дуудлага авч, бусад үед биечлэн ирсэн иргэддээ үйлчилж байна.
Энэ хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлгийн цаг захиалах утсанд 1000 орчим иргэн хандаж, оочир дугаараа захиалжээ.