Мэдээ мэдээлэл
УДАМТ МАЛЧИН Ч.ОЮУНБААТАРТ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-Ы ШАГНАЛЫГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу, өнөөгийн Өмнөдэлгэр сум, Баянзүрх багаас амжилт бүтээлээрээ “Улсын аварга малчин”-аар шалгарсан Чулууны Оюунбаатар, Дүүдийн Нарантуяа нарт аварга малчны шагналыг нь гардуулан өглөө.
Улсын аваргын шагналыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар гардуулж, сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, тус сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Наранбаяр мөн шинэхэн аваргууддаа баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.Чулууны Оюунбаатар 1973-1981 онд Өмнөдэлгэр сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийг төгсөж, 1981-1983 онд “Шинэ-Өрнөлт” нэгдэлд малчин, 1983-1985 онд Хилийн 0146 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 1987-1989 онд илээлтийн эзнээр “Шинэ-Өрнөлт” нэгдэлд хоньчин, 1990 оноос хувийн мал аж ахуйгаа эрхэлж мал аж ахуйн үйлдвэрлэлд тууштай хөдөлмөрлөж байгаа удамт сайн малчин юм.
Малчин Ч.Оюунбаатар нь жил дараалан мал сүргээ өсгөн үржүүлж, 100 эхээс 100-106 хувиар төл бойжуулснаар 2021 оны эцэст 1679 толгой малтай болж, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жинг бод малд 44.5-44.8 хувь, бог малд 56.5-56.8 хувьд хүргэжээ.
Тэрбээр малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахын зэрэгцээ мал эмнэлгийн “Юмт Гэгээ” ХХК, мал үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг “Дэлгэр хурх” ХХК-тай жил бүр гэрээ байгуулан ажиллаж мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үзлэг ангилалт, ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлтэнд бүрэн хамруулж хэвшин, эрүүл, таваарлаг сүрэгтэй болсон байна.
Аварга малчин Ч.Оюунбаатар: “Манай өвөг дээдэс хэзээнээсээ Хөвчийн Жонон вангийн малчин гаралтай. Малаа нэг үе өсгөж явсан. Харин сүүлийн жилүүдэд бэлчээрийн даацаа бодолцож, малынхаа тоог хязгаарлаж эхэлсэн.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Улаан ямааны үүлдэрийн ухна, Эрдэнэцагааны илүү нугаламт үүлдэрийн хуц, Сэлэнгэ үүлдэрийн цагаан толгойт бух, “Талын улаан” бух, Сүхбаатар чиглэлийн хурдан азаргаар малынхаа угшил, ашиг шимийг сайжруулж байна” гэв.
2021 оны мал тооллогын дүнгээр Хэнтий аймаг 4,957,4 мянган мал тоолуулж улсдаа гуравдугаар байранд орсон бол хамгийн их малтай сумаар Өмнөдэлгэр сум 662 мянган мал тоолуулж, улсдаа 6 дахь удаагаа тэргүүн байр, Хэрлэн сум 529,3 мянган толгой мал тоолуулж дэд байранд ороод байгаа юм.
Эднийх Өвөлжөөндөө тохилог байшинтай. Хангай газар малынхаа хашаа хороог сайтар зэхсэн байлаа. Жилд дунджаар 150-180 тн байгалийн хадлан хураан авч, өөрийн хүч бололцоонд тулгуурлан гар тэжээл, хужир шүүг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн ажилладаг гэв.
Үүнчлэн төллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулж 44.1 мянган литр сүү сааж цагаан идээ боловсруулан зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж ажилласан бөгөөд сүүлийн 3 жилд цөөн болон огт малгүй 4 өрхийг 778 толгой малаар малжуулахын зэрэгцээ мал маллах арга ухааныг залуу малчдад зааж сурган хоёр шавь малчинтай болсон байна.
Аваргын ах дүү нар, хүүхдүүдээс мөн аварга, сайн малчид шалгаран гарч буйг тэрбээр мэдээллээ. Ч.Оюунбаатарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2018 онд "Аймгийн аварга малчин"-аар тус тус шагнажээ.