ТАХИЛГАТ ТОСГОНЫ МАЛЧИН Ж.РАГЧАА, Р.НАРАНЧИМЭГ НАР УЛСЫН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022.02.09
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, XVII жарны цөөвөр хэмээх төмөр үхэр жилдээ бусдыгаа хошуучлан “Улсын аварга малчин”-аар шалгарсан Хэрлэн сумын Ишгэн толгой баг буюу Тахилгат тосгоны малчин Ж.Рагчаа, Р.Наранчимэг нарт ...

Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, XVII жарны цөөвөр хэмээх төмөр үхэр жилдээ бусдыгаа хошуучлан “Улсын аварга малчин”-аар шалгарсан Хэрлэн сумын Ишгэн толгой баг буюу Тахилгат тосгоны малчин Ж.Рагчаа, Р.Наранчимэг нарт өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг, Тахилгат тосгоны Захирагчийн ажлын албаны хамт олон шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

Улсын аварга малчин маань 1995 оноос хувийн мал аж ахуйгаа эрхэлж мал аж ахуйн үйлдвэрлэлд нийт 27 дахь жилдээ хөдөлмөрлөж байгаа аймгийн манлай малчдын нэг юм.

Тэрбээр мал сүргээ өсгөн үржүүлж, 100 эхээс 100-115 хувиар төл бойжуулснаар 2021 оны эцэст 2006 толгой малтай болж, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жинг бод малд 40,1-41,0 хувь, бог малд 53,9-54,0 хувьд хүргэжээ.

Малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахын зэрэгцээ мал эмнэлгийн “Хэрлэн экспресс” ХХК, малын үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг “Өндөрхаан үржил” хоршоотой жил бүр гэрээ байгуулан ажиллаж мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үзлэг ангилалт, ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлтэнд бүрэн хамруулж хэвшин, эрүүл, таваарлаг сүрэгтэй болсон байна.

Р.Наранчимэг төллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулж 55,9 мянган литр сүү сааж цагаан идээ боловсруулан зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж ажилласан бөгөөд сүүлийн 3 жилд цөөн болон огт малгүй 4 өрхийг 702 толгой малаар малжуулахын зэрэгцээ мал маллах арга ухааныг залуу малчдад зааж сурган 2 шавь малчинтай болсныг сумын Засаг дарга мэдээллээ.

Тэрээр мөн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2020 оны орон нутгийн сонгуулиар сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Тахилгат тосгоныхоо малчид, залуучуудыг хамруулсан уулзалт, сургалт, уралдаан тэмцээн зохион байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд сумаас зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа нэмэр тусаа үзүүлж, шилдэг хандивлагчдын нэг болсныг онцоллоо.

Эднийх мал аж ахуйн материаллаг баазаа бэхжүүлж, тохилог дулаан өвөлжөө, хаваржаагаар хангагдсан ба жилд дунджаар 60-80 тн байгалийн хадлан хураан авч, өөрийн хүч бололцоонд тулгуурлан гар тэжээл, хужир шүүг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэдэг байна.

Жамбалсүрэнгийн Рагчаагийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2017 онд Монголын улаан Загалмай нийгэмлэгийн “Нигүүсэл" мөнгөн медаль, 2018 онд "Аймгийн аварга малчин", 2020 онд аймгийн "Алдарт уяач" цол тэмдгээр тус тус шагнажээ.