“АЛТАН ХУРГАНЫ ЭЗЭН” Л.ОЮУНБААТАРЫНХ СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД 2613 ХУРГА БОЙЖУУЛЖЭЭ

2022.02.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
МУ-ын Засгийн газрын шагнал “Улсын аварга малчин”, ХХААХҮЯам, МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ий шагнал хүртсэн Хэнтий аймгийн малчдад шагнал гардуулах үйл ажиллагаа ойрын өдрүүдэд болж байна. ...

МУ-ын Засгийн газрын шагнал “Улсын аварга малчин”, ХХААХҮЯам, МҮОНР-ийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ий шагнал хүртсэн Хэнтий аймгийн малчдад шагнал гардуулах үйл ажиллагаа ойрын өдрүүдэд болж байна.

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХХАГ-ын МАТ-ийн дарга Г.Гантөмөр нар сум орон нутгийн удирдлагуудын хамт “Алтан хурганы эзэн”-ээр шалгарсан Баянмөнх сумын Дулаан багийн малчин Лантуугийн Оюунбаатарт шагналыг нь гардуулан өглөө.

Л.Оюунбаатар 1986-1996 онд Бор-Өндөр, Хэрлэн суманд жолоочоор ажиллаж байгаад 1996 оноос Баянмөнх суманд одоог хүртэл мал аж ахуйн үйлдвэрлэлд тасралтгүй 26 жил хөдөлмөрлөж байгаа тэргүүний малчдын нэг юм.

Малчин Л.Оюунбаатар мал сүргээ өсгөн үржүүлж 100 эхээс 100-115.5 хувиар төл бойжуулснаар 2021 оны эцэст 2932 толгой малтай болж, сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийн жинг бод малд 33,3-41,7 хувь, бог малд 51,1-51,4 хувьд хүргэж, үржлийн албаар баталгаажсан 113 толгой хээлтүүлэгчээр хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог бүрдүүлэн ажилласныг албаны эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгойлон анхаарч цөм сүрэг бүрдүүлэхийн зэрэгцээ мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ эрхэлдэг “Мөнх-Ажнай” ХХК-тай жил бүр гэрээ байгуулан ажиллаж эрүүл, таваарлаг сүрэгтэй болсон байна.

Үүнчлэн Л.Оюунбаатарынхтөллөсөн эх малаа саалинд бүрэн хамруулж, сүү цагаан идээг боловсруулан, зах зээлд борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ сүүлийн 3 жилд цөөн болон огт малгүй 5 өрхийг 1104 толгой малаар малжуулж, мал маллах арга ухааныг залуу малчдад зааж сурган хоёр шавь малчинтай болжээ.Мал аж ахуйн материаллаг баазаа бэхжүүлж, тохилог дулаан өвөлжөө, хаваржаагаар хангагдсан бөгөөд жилд дунджаар 35-71.5 тн байгалийн хадлан хураан авч, өөрийн хүч бололцоонд тулгуурлан гар тэжээл, хужир шүүг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэн ажилладаг малчин гэдгийг сум орон нутгийн удирдлагууд бидэнд мэдээллээ.Тэрбээр малгүй өрхийг малжуулах ажилд бүтээлч хөдөлмөрөө зориулж яваа нутгийн зон олны хүндэтгэлийг хүлээсэн тэргүүний малчдын нэг бөгөөд 2019 онд 833 хурга, 2020 онд 880 хурга, 2021 онд 898 хурга бойжуулсан тул “Алтан хурганы эзэн”-ээр шагнагдах болзлыг хангаж, ийнхүү өнөөдөр шагналаа гардан авлаа.

Л.Оюунбаатарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, 2011онд ХХААХҮЯамны “Жуух бичиг”, 2019 онд ХХААХҮЯамны “Тэргүүний ажилтан”, 2013 онд “Сумын аварга малчин”, 2020 онд “Аймгийн аварга малчин” цол, тэмдэгээр тус тус шагнажээ.