Мэдээ мэдээлэл
НЭРТ ХҮЛЭГЧ, ИХ ШИНЖЭЭЧ ӨВГӨН НОЁНЫ 7 ДАХЬ ҮЕИЙН УЯАЧ, МАЛЧИН М.ТӨМӨРБААТАР “АЛТАН УНАГАНЫ ЭЗЭН” БОЛЛОО
Хэнтий аймгийн Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Мягмаржавын Төмөрбаатар, гэргий н.Сансарцэцэгийн хамт өнөөдөр “Алтан унага”-ны эзэн болж, аймгийн Засаг дарга, сум орон нутгийн удирдлагуудын хамтын шагналыг нь гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Монголын радиогийн санаачилсан Таван эрдэнэ нэвтрүүлгийн хүрээнд жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. 44 дэх жилдээ тодруулж буй энэ жилийн "Алтан төлийн эзэд"-ийг Монголын үндэсний радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран гэр бүлээр нь шагнадаг болж байгаагаараа онцлог юм. Жендэрийн үндэсний хорооноос энэхүү хүндэт шагналыг тодруулахад хамтран уриалан оролцож, санаачилгатай хандаж байгаа нь, төл мал өсгөх хүнд хүчир ажилд хамгийн их хүч хөдөлмөрөө зарцуулдаг гэргий нарын хөдөлмөрийг үнэлж, хамтад нь шагнаж урамшуулан, хөдөлмөрийн тэнцвэртэй үнэлэмжийг бий болгож буй явдал юм.
М.Төмөрбаатар 2000 оноос хойш мал маллаж байгаа, шилмэл хурдан адуу өсгөж, хурдлуулж байгаа бөгөөд Хэнтий аймгийнхан түүнийг Нэрт уяач, их шинжээч, өвгөн ноён Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын 7 дахь үеийн үр удам, удамт уяач гэдгээр нь андахгүй. “Алтан унаганы эзэн”, уяач маань өнгөрсөн жил 140 гаруй унага авсан байна. Эцэг өвгөдөөсөө эднийхэн Галшар нутгийнхан бөгөөд Галшарын Дэнжгээ буурал, Норов хүрэн, Бөгөн хул гээд олон алдарт хүлгийн удмыг залгамжлан авч хурдлуулж юм. Түүний аав аймгийн алдарт уяач М.Мягмаржав 1989 онд улсад соёолон хээр азарга айрагдуулж байв.