Мэдээ мэдээлэл
ДАРХАН СУМЫН ШАЖИН БАГИЙН СААЛЬЧИН ЦЭНД-АЮУШИЙН БОЛОРЦЭЦЭГ АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН БОЛЛОО
“Усан бар” жилийн сар шинийн босгон дээр Дархан сумын Шажин багийн саальчин Цэнд-аюушийн Болорцэцэг аймгийн аварга саальчин болж, шагналаа гардан авлаа.
Тэрээр 1988 оноос аав ээжийгээ дагаж мал маллахын зэрэгцээ ээжтэйгээ хамтран үнээ, гүү саах ажилд туслалцан саальчин болох эхлэл тавигджээ. Түүний ээж П.Долгорсүрэн гуай нь аймгийн 1 удаагийн аварга саальчин, сумын 5 удаагийн аварга саальчин, бодын сүү ашиглалтын аварга саальчнаар шагнагдаж байсан юм.
Ц.Болорцэцэг нь Мал сүргээ жил дараалан өсгөн үржүүлж, малаас гарах ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж, сүү цагаан идээг олон төрлөөр үйлдвэрлэж, нутгийн ард иргэд болон сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг цагаан идээгээр хангасаар иржээ.
Мөн жил бүр аймаг сумаас зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, 2019, 2020, 2021 онд шилдэг брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр шалгарч байжээ.
Түүнчлэн 2017 оноос сумынхаа малчин эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж малчин эмэгтэйчүүдийн нийгмийн баталгааг хангах, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлүүлэх, алдаршуулах тал дээр идэвх санаачилгатай ажилладаг бөгөөд нутгийн олныхоо хүндлэлийг хүлээсэн ажилсаг, хөдөлмөрч бүсгүй юм.