Мэдээ мэдээлэл
БОР-ӨНДӨР СУМЫН ХҮЙХ БАГИЙН МАЛЧИН Ч.БАТТУЛГА, ГЭРГИЙ Х.БАДАМ НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
Сар шинийн босгон дээр Бор-Өндөр сумаас 2 аймгийн аварга малчин тодорсны нэг нь Хүйх багийн малчин Ч.Баттулга, гэргий Х.Бадам нар байлаа. Шагналыг АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар гардуулан өгч баяр хүргэсэн юм.
Тэрээр 2007 оноос Бор-Өндөр суманд мал маллан аж төрж байгаа бөгөөд мал сүргээ онд тарган оруулахын тулд соргог сайхан бэлчээрт отор нүүдэл хийж тарга хүчийг нь нэмэгдүүлж байна.
Мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд Сүхбаатарын Түвшинширээ сумын ууцан сүүлтийн хуц, Баяндэлгэрийн улаан ямааны ухна тавьсан ба сүүлийн 3 жилийн хугацаанд хээлтэгчийн тоо нь тогтвортой, цөм сүрэгт эзлэх хувийн жин нэмэгдсэн. Мөн 3 өрхийг 262 малаар малжуулж, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга туулганд тогтмол хамруулдаг аж.