Мэдээ мэдээлэл
ГАЛШАР СУМЫН ЖАРГАЛАНТ БАГИЙН МАЛЧИН Б.ТҮМЭНБАЯР, ГЭРГИЙ Д.ШИЖИР-ЭРДЭНЭ НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО
Усан бар жилийн сар шинийн босгон дээр Хэнтий аймгаас 41 аймгийн аварга малчин тодорсны нэг нь Галшар сумын Жаргалант багийн малчин Б.Түмэнбаяр, гэргий Д.Шижир-Эрдэнэ нар байлаа.
Шагналыг АЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ нар гардуулан өгч баяр хүргэсэн юм.
Малчин Б.Түмэнбаяр нь 1990 онд илгээлтээр мал дээр гарч, малчин болох гараагаа эхлүүлсэн бөгөөд 2014 онд мянгат малчин, 2015 онд сумын сайн малчин болж байжээ.
Тэрээр сүүлийн 2 жилийн хугацаанд 5 өрхийг 392 толгой малаар малжуулжээ.
Мөн Ковид 19 цар тахалтай тэмцэх Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин 40 хонь хандивласнаас гадна сум орон нутгаас зохион байгуулсан аливаа үйл ажиллагааг дэмжин оролцдог нийгмийн идэвхитэй гэр бүл юм.
Малынхаа үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Галшар үүлдрийн адуу, Дорнод аймгийн Дашбалбар сумын Буриад омгийн хуц, Дорнодын мах сүүний чиглэлийн бух, Галшарын улаан ухна зэргийг авчирч малын чанараа сайжруулж байгаагаас гадна сум орон нутагтаа Ц.Балжиннямын шилмэл сүргийн адууг өсгөн үржүүлж байна.
Гэргий Д.Шижирцэцэг нь малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнээр цагаан идээ боловсруулан хэрэгцээгээ хангахын зэрэгцээ зах зээлд борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг.
Тэрээр “Өвгөн ноён” хоршооны гишүүн, “Будар” аравтын бүлгийн дарга бөгөөд аравтын бүлэгтэйгээ хамтран бод малыг байнгын хариулга маллагаатай байлгаж, бод малын им тамга, зүсмийн бүртгэлийг хөтөлж, зурагжуулснаас гадна бэлчээрийг зөв зохистой сэлгэн ашиглаж байна.
Мөн орон нутгийн тусгай хамгаалалттай “Сүмийн хад”-ыг аравтын бүлэгтэйгээ хамтран хамгаалалтад авч орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулжээ.
Түүнчлэн эрүүл мэнд, нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамрагдаж оноогдсон татвар хураамжаа хугацаанд нь төлж, мал сүргээ жил бүр малын эрсдэлийн даатгалд хамруулж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, бусдадаа үлгэх жишээ болсон манлайлагч гэр бүл юм.