ДЭЛГЭРХААН СУМЫН Г.ЛХАГВАЖАВ, Б.ДЭЛГЭРМАА НАР “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2022.01.27
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Дэлгэрхаан сумын Долоод багийн Гомбо-Ичингийн Лхагважав, Баатардагвын Дэлгэрмаа нар цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн амжилтаараа Аймгийн аварга малчны болзлыг хангаж, өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ЗДТГ-ын Цэрги...

Дэлгэрхаан сумын Долоод багийн Гомбо-Ичингийн Лхагважав, Баатардагвын Дэлгэрмаа нар цөөвөр хэмээх төмөр үхэр жилийн амжилтаараа Аймгийн аварга малчны болзлыг хангаж, өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрэлээ нараас аварга малчны цом, үнэмлэх тэмдгээ гардан авлаа.

Г.Лхагважавынх 1993 оноос хойш 30 шахам жил мал сүргээ өсгөн үржүүлж, малынхаа үүлдэр угсааг сайжруулан, нутгийн цөм торгон сүргийг бий болгоход хүчин чармайлт гарган ажиллаж буйг Дэлгэрхаан сумын удирдлагууд хэлж байлаа.Гэрийн эзэгтэй Б.Дэлгэрмаа малынхаа цагаан идээг боловсруулж, тараг, аарц, шар, цагаан тос, ааруул ээзгий бэлтгэн зах зээлд борлуулдаг бол эднийх үхрийн ширээ элдэж боловсруулан суран эдлэл хийж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байна.

Залуу аваргууд сүүлийн таван жил амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийг малжуулах, ажлын байраар хангах, малчны бүлэг байгуулах, малаа түрээсээр маллуулах, туслах малчин ажиллуулахаас гадна нийгмийн хариуцлагын хүрээнд сум, орон нутагтаа зохион байгуулж буй ажилд идэвхтэй оролцдог төдийгүй сумынхаа манлай малчдын нэг юм.