ХЭНТИЙ АЙМГИЙН 33 ДАХЬ ЗАСАГ ДАРГААР Ц.ЧОГСОМЖАВ ТОМИЛОГДОЖ, ТӨРИЙН ТАМГАА УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ИДЭРБАТААС ХҮЛЭЭН АВЛАА

2021.11.03
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр морин цагт УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн 32 дахь Засаг дарга Ц.Идэрбат шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын тамгыг гардуулан өглөө. Тухайлбал, МУ-ын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох тухай” 2021.11.03...

Өнөөдөр морин цагт УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн 32 дахь Засаг дарга Ц.Идэрбат шинээр томилогдсон аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын тамгыг гардуулан өглөө. Тухайлбал, МУ-ын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох тухай” 2021.11.03-ны өдрийн 171 дугаартай захирамжийг уншин танилцуулж, төрийн тамгыг хүлээлгэн өгч, ард иргэдийнхээ оролцоотойгоор санаачлан хэрэгжүүлсэн “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, багаар ажиллахыг хүсээд, амжилт хүслээ.

Тэрбээр мөн аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавыг аймгийн 31, 32 дахь Засаг дарга нарын орлогчоор ажилласан туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин болохыг онцолж, 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ нягт уялдаатай ажиллах, аймаг орон нутагт тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж, хурдтай, сэтгэлтэй ажиллахыг хүслээ.

Харин шинээр томилогдож буй аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өндөр итгэл хүлээлгэсэн ард иргэд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд, МУ-ын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, төрийн ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Өнөөдөр бид өвөлжилтийн бэлтгэл байдал, 2022 оны төсөв, Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, Малын гоц халдварт өвчин гээд цаг үеийн тулгамдсан олон ажлуудтай нүүр тулан ажиллаж байна.

Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан орон нутгийнхаа жаргал зовлонг сайтар мэдэх УИХ-ын гишүүнтэй боллоо. Ц.Идэрбат гишүүний эхлүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, ирэх жилүүдэд нэг баг болж ажиллана. “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөр, цаашдаа хийж хэрэгжүүлэх ажилд УИХ-ын гишүүдтэйгээ уялдаа холбоотой сумын удирдлагуудтайгаа баг болон ажиллахаа илэрхийллээ.