БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021.09.06
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Үйл явдлын мэдээ
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан нарын БХБЯ-ны ажлын хэсэг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэ...

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан нарын БХБЯ-ны ажлын хэсэг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн өнөөдөр Хэнтий аймгийн барилга бүтээн байгуулалтын явц, дэд бүтцийн ажилтай танилцан ажиллаж эхэллээ. Тэд ажлынхаа эхэнд аймгийн удирдлагууд, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, БЗӨБЦДС Хэнтий салбар, "Хэнтий УС" компанийн төлөөллүүдтэй албан уулзалт хийж байна.

Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат МУ-ын Засгийн газраас Хэнтий аймгийг Түүхэн аялал жуулчлалын бүс нутгаар зарлан хөгжүүлж буйтай холбогдуулан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил эрс нэмэгдсэн. Үүнтэй уялдан улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр онцгой анхаарч, хяналт шат шатанд нь чангатгаж байгаа. 2020 онд ажлаа чанаргүй гүйцэтгэсэн хоёр компани Сангийн яамны хар жагсаалтад оруулах хүсэлт илгээсэн. Энэ удаа 5 компанийн ажлыг дүгнэж үзээд хар жагсаалтад оруулах хүсэлтээ илэрхийллээ.

Үүний дараа ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ аймгийн 2021 онд 128,5 тэрбум төгрөгөөр санхүүжиж буй 136 барилга бүтээн байгуулалтын ажил, Барилга хот, байгуулалтын сайдын багцаас 2019, 2020, 2021 онд хийгдэж буй ажлын талаар танилцуулж, Улсын төсөвт суулгах барилгын сайдын багцад оруулах төсөл арга хэмжээний хүрээнд Хэрлэн сумын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажилд анхаарах, ТОСК-ийн 60 айлын орон сууц нэмж шинээр бариулах, Орон сууц болон хаус хорооллын ипотекийн зээлийг Монгол банктай хамтран шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг аймгийн Засаг даргын зүгээс тавьж буй тодорхой саналуудыг салбарын сайдад уламжиллаа.

Барилга, хот байгуулалтын яамны зүгээс яг одоо МУ-ын Засгийн газраас барилгын салбарт баримталж буй бодлого, 2021 оны төсвийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн бодлого, Барилгын салбарын хүний нөөцийн бодлого, чанарын стандартын нэвтрүүлэлт, цахим шилжилт, норм дүрмийн шинэчлэлт, Залуус-1 хорооллын төлөвлөлт, 10 их наядын хөтөлбөр, ипотек, Барилгын материалын үнийн өсөлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг шаардлагатай мэдээллийг хүргэж байна.