ХЭНТИЙ АЙМГИЙН ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛАМЖИЙН ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН 6037 МЕТР ҮЕРИЙН БАЙГУУЛАМЖ БАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2021.09.06
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, Барилга, хот байгуулалтын сайдын багцаас сан...

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, Барилга, хот байгуулалтын сайдын багцаас санхүүжин хэрэгжиж байгаа ажлын явцтай танилцаж байгаа юм.

Хэнтий аймгийн Чингис хотод Үерийн ус зайлуулах 7 км урттай үерийн хамгаалалтын байгууламж барих ажил 2020 оны 06 дугаар сараас эхэлсэн. Ингэхдээ өнгөрсөн жил эхний ээлжинд БХБЯ-аас зарлагдсан тендерт нэг км үерийн хамгаалалтын байгууламжийн ажилд “Усны барилга” ХХК шалгарч 960 сая төгрөгөөр гүйцэтгэхээр ажлаа эхлүүлсэн.

Тэгвэл өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажлын явцтай танилцлаа. Үерийн хамгаалалтын байгууламж барих төслийн нэгдүгээр ээлжийн ажил есдүгээр сарын 1-нд дуусаж, гуравны өдөр Улсын комисс ажилласан байна. Тус байгууламж нь 1009 м урттай 10м3/сек усыг зайлуулах хүчин чадалтай.

Үерийн хамгаалалтын суваг угсармал төмөр бетон доторлогоотой. Авто машины хоёр гүүр, явган хүний гурван гүүрэн гарцыг тус тус хийж гүйцэтгэжээ. Хэнтий аймаг, Хэрлэн сумын үерийн хамгаалалтын байгууламжийн 2-р ээлжийн ажил гэрээ нь хийгдэж, ажил эхлээд байна.

Улсын төсвийн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёрдугаар ээлжийн “Үерийн хамгаалалтын байгууламж” байгуулах ажил энэ тавдугаар сард зарлагдаж, “Нью Констракшн” ХХК шалгаран ажлаа эхлүүлсэн байна.

Уг байгууламж 10м3/сек усыг зайлуулах хүчин чадалтай байх ба бетон суурьтай, сувгийн ханыг бетон цутгамал хавтангаар тоноглож суурьлуулахаар төлөвлөсөн 6037 м үерийн усны далан бөгөөд, ингэснээр нийтдээ аймгийн төвийн ус зайлуулах байгууламж 8685м урттай болох юм байна.

Уг ажлыг 2023 онд хүлээлгэн өгөх гэрээтэй бөгөөд энэ онд улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгөөр санхүүжиж байна.Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар байгууламжийн ажилтай танилцаад орон нутгаас хүн хүчээ нэмэх, ажлаа шуурхай чанартай гүйцэтгэх үүрэг өгч, орон нутгаас ажилтнаар хангахад анхаарахыг онцоллоо.

Тус компани 15 ажилтантай ажиллаж байгаа бөгөөд 20 ажилчин нэмж авах шаардлагатай гэв.Хэнтий аймагт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд , БХТ-ийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх болон бусад холбогдох албаныхан ажиллаж байна.