“ӨНДӨРХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ ШИНЭЧЛЭН БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН АЖЛЫГ ШУУРХАЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

2021.08.26
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн авто зам, гүүрийн ажил, түүхэн аялал жуулчлалын болон стратегийн ач холбогдол бүхий авто замын трасс, зам арчлалт, засвартай холбогдуулан наймдугаар сар...

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймгийн авто зам, гүүрийн ажил, түүхэн аялал жуулчлалын болон стратегийн ач холбогдол бүхий авто замын трасс, зам арчлалт, засвартай холбогдуулан наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байна.Тэд өнөөдөр Чингис хотын авто зам, Өндөрхаан нисэх буудал, Авто тээврийн төв, “Харгуй” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцан ажиллалаа.

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар төслийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2019 оны 05 дугаар сард байгуулагдаж, мөн оны 08 дугаар сард тендерийн сонгон шалгаруулалтыг Зорчигч үйлчилгээний барилга байгууламж /Багц-1/, Аэродромын барилга /Багц-2/ гэж хоёр сонгон шалгаруулалт зарласан.“Багц-1”-ийн хүрээнд барилгын тендер шалгаруулалт 4 удаа зарлагдсан боловч шаардлагад нийцсэн оролцогч шалгараагүй, тендерт оролцогчоос гомдол гарсан зэрэг шалтгаанаар одоо хүртэл гүйцэтгэгч шалгараагүй бөгөөд Сангийн яам болон тендерт оролцогч “Хар чонот” ХХК-ийн хооронд шүүхийн маргаан үүссэн. Төслийн менежерийн зүгээс шүүхийн маргаан энэ есдүгээр сард эцэслэгдэхийг мэдэгдэхэд Зам тээврийн хөгжлийн сайд ирэх оны 03 дугаар сарын 15-ны дотор ажил эхлүүлэхийг үүрэг болголоо.

Багц-2 аэродромын барилгын ажлын гүйцэтгэгч “Даблью Экс Пи” ХХК, “Энх төгөлбэх” ХХК-ийн түншлэл нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Зам тээврийн хөгжлийн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, өнөөдрийн байдлаар ажлынхаа 65 хувийг гүйцэтгээд байна. Гэрээний хугацаа энэ оны 6-р сард дуусах байсан ч ажлаа бүрэн гүйцэтгэж чадалгүй “Ковид-19” халдварын улмаас саатаж хугацаа алдсаныг гүйцэтгэгч талаас мэдээллээ. Зам, тээврийн хөгжлийн яамнаас гүйцэтгэгч “Даблью Экс Пи” ХХК-д ажлаа гүйцэтгэх сарын хугацаа өгсөн бөгөөд сайдын зүгээс үлдсэн ажлаа шуурхайлахыг хатуу үүрэгдлээ.

Тэрбээр Дарханы авто замын барилгын ажилд тус компани мөн ажил авсныг цохож, хоёроос гурван газарт ажил тарамдаж, авто машин техникээ нааш цааш нь зөөж, улсын ажлыг саатуулж байгааг хатуу шүүмжилж, нэг сарын хугацааг нарийн баримталж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Хэрвээ ажлаа товлосон хугацаандаа гүйцэтгэхгүй бол хариуцлагын арга хэмжээ яригдана гэв.