УЛСЫН АВАРГА Х.НАМСРАЙЖАВ ГУАЙ 19 ЖИЛИЙН ДАРАА ХОШОЙ АВАРГА БОЛЛОО

2021.07.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
1980, 1990-ээд оноос малч цөлх ухаан, арга туршлага, малын буян хишиг, бэлчээрийн хуваарилалт, отор нүүдлийн арга барилаараа бусдыгаа хошуучилж торойн гарсан аварга малчид өдгөө цагийн Хан Хэнтийн малчдын оргил болон сүндэрлэж б...

1980, 1990-ээд оноос малч цөлх ухаан, арга туршлага, малын буян хишиг, бэлчээрийн хуваарилалт, отор нүүдлийн арга барилаараа бусдыгаа хошуучилж торойн гарсан аварга малчид өдгөө цагийн Хан Хэнтийн малчдын оргил болон сүндэрлэж байна. Тэдний нэг бол яах аргагүй шинэхэн Улсын хошой аварга малчин болсон Хишигдуламын Намсрайжав гуай билээ.

21-р зууны босго алхаж 2002 онд үеийнхнээсээ арай эрт “Улсын сайн малчин” болсон тэрбээр өдгөө мал аж ахуйн салбарт нутаг нугынхандаа, малчин түмэндээ нөмөр нөөлөг болж, үнэт сургаалиа үр ачдаа өвлүүлэн үлдээсний зэрэгцээ, буянт малынхаа ашиг шимийг хүртэж, таван эрдэнэ сүргээ адгуулан малласаар байна.

Үүх түүх сөхвөл /С.Ган-Эрдэнэ “Сөл дагасан ухаан” 2017 он, 14 хуудас 1990 онд Өмнөдэлгэр сумын хоньчин аварга Г.Чадраабал, Цэнхэрмандал сумын хоньчин аварга Ц.Иш, Дадал сумын саальчин аварга Ц.Янжмаа, Баян-Адрага сумын хошой аварга саальчин Д.Сүрэн, 1991 онд Баянмөнх сумын хоньчин аварга Б.Шагдарсүрэн, Биндэр сумын тууварчин аварга Н.Норовсамбуу, Баян-Адрага сумын саальчин аварга Ц.Дэнзмаа, Чандгана САА-н саальчин аварга А.Цогдэлгэр, Өмнөдэлгэр сумын хоньчин аварга М.Сандуйжав,1992 онд Баянмөнх сумын хоньчин аварга О.Базарраднаа,1994 онд Галшар сумын Ардын аж ахуйтан, гавьяат Л.Балдандорж,1995 онд Өмнөдэлгэр сумын Ардын аж ахуйтан Г.Сүх-Очирыг залгаж, 2002 онд Баян-Овоо сумын Ардын аж ахуйтан Хишигдуламын Намсрайжав гуай Монгол улсын сайн малчин болж байв.../Тэр цагаас хойш 19 жилийн дараа эрхэм малчин маань өчигдөрхөн МУ-ын Засгийн газраас “МУ-ын хошой аварга малчин өрх”-ийн шагналаа аймаг сумын удирдлагууд, ЗГ-ын төлөөлөл, Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр дамжуулан хүлээж авсанд талархнам.

40 гаруй жил мал малласан цөлх малчинтай хөөрөлдөж, арга туршлагыг нь сонсох хором мөч удахгүй ирмэгц илүү дэлгэж мэдээлье. Х.Намсрайжав гуай 2020 онд 3000 шахам мал тоолуулж, сүүлийн таван жилд 100 эхээс төлөө 100-123 хувиар бойжуулж, 2250 малаар залуу өрхийг малжуулжээ.

Мэдээж нөр их зүтгэлийнх тэн ачаа Улсын аварга малчин болсон гэрийн эзэгтэй Л.Цэгмэдсүрэн гуайн хөдөлмөртэй салшгүй холбоотой биз ээ. Нүүдэлчин монголчуудын амьдралын галыг тээж яваа ХӨХ ӨВГӨДИЙН СӨЛ УХААН МӨНХ ТЭНГЭРТ ИВЭЭГДЖЭЭ.