ДАДАЛ СУМААС 31 ЖИЛИЙН ДАРАА М.МӨНХТӨРИЙНХ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ӨӨР ШАЛГАРЛАА

2021.07.08
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутги...

Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байдаг манлайлагч малчдыг журамд заагдсан шалгуурын дагуу “Улсын аварга малчин өрх”-өөр шалгаруулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ жил Дадал сумаас 1990 оноос хойш 31 жилийн дараа “Улсын аварга малчин өрх”-өөр тус сумын Онон багийн малчин Мягмарын Мөнхтөр, гэргий Г.Болортуяа нар шалгарлаа. Засгийн газрын шагналыг Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Энхбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, сумын удирдлагууд гардуулан өглөө. Үүнчлэн аварга малчин өрхөд МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, аймгийн Засаг даргын гарын бэлгийг мөн гардууллаа.

Мягмарын Мөнхтөр өдгөө 43 настай 27 жил мал маллаж байна. 2020 оны жилийн дүнгээр 2589 мал тоолуулсан бөгөөд энэ хавар, зун төлөө авч адуу үхэр нийлээд 1000 гаруй тоо толгойд хүрч нийтдээ 4000 гаруй толгой малтай болоод байна. Сүүлийн гурван жил 100 эхээс төлийг 100-130 хувиар авч, 1000 гаруй тонн өвч өөрийн гараар бэлтгэжээ.

Тэрбээр сүүлийн гурван жилд 5 өрхийг 1675 малаар малжуулж, үржилд 111 толгой мал худалдаж, 656 малаа даатгуулжээ.Улсын аварга малчин М. Мөнхтөр нь малаа төрөл бүр дээр нь тогтмол өсгөж, сүрэгт эзлэх ямааны болон хээлтэгчийн хувийн жинг зохих түвшинд байлгаж, сүргийн зохистой харьцааг бүрдүүлж, бэлчээрийнхээ даацад тохируулан мал сүргээ чанаржуулан өсгөж, симменталь үүлдэрээр сайжруулсан нутгийн үхрээс жилд авах ашиг шимийг тогтмол нэмэгдүүлэн зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж яваа Дадал нутгийн тэргүүний залуу аварга малчин юм.

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж, 2013 онд "Аймгийн сайн малчин", 2016 онд “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан", 2017 онд “Хөдөлмөрийн хүндэт“ медалиар шагнаж урамшуулжээ.