ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ГОМБЫН АЛЕКСАНДР ГУАЙНХ “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-ИЙН ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

2021.07.07
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тари...

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийг тодруулсан. Тухайлбал 21 аймгийн 150 малчин өрхийг Улсын аварга малчин өрхөөр, 13 аймгийн 13 малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөөр, 6 аймгийн 6 саальчинг улсын аварга саальчнаар, 4 аймаг, нийслэлийн 5 фермерийг улсын аварга фермерээр, 14 аймгийн 21 иргэнийг улсын аварга тариаланчаар, 8 аймгийн 12 аж ахуй нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор тус тус шалгаруулсан юм.

Хулгана жилийн амжилтаараа манай аймгаас "Улсын хошой аварга малчин өрх” нэг, “Улсын аварга малчин өрх “10, Улсын аварга саальчин нэг, Улсын аварга тариаланч хамт олон нэг, улсын аварга тариаланч нэг төрсөн билээ. Тэгвэл “Ковид-19” халдварт өвчний дэгдэлт, МУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаалж, хойшлогдоод байсан уг шагналыг 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн гардуулах ажил үргэлжилж байна.

Шагналыг МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Энхбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нар өнгөрсөн хоёр өдөр гардууллаа. Ингэхдээ шагналыг малчны хотонд хүрч гардуулсан бөгөөд шагнал гардуулах баг PCR шинжилгээ хийлгэж явсан юм.Энэ жил улсдаа хамгийн олон малтай сумаар тав дахь удаагаа шалгарсан Өмнөдэлгэр сумын малчин Гомбын Александр гуайнд отгон “Улсын аварга малчин өрх”-ийн шагналыг гардууллаа. "Улсын аварга малчин өрх"-ийн шагнал нь малчин айлын эзэгтэйн хөдөлмөрийг үнэлж, мөн аваргын үнэмлэх, тэмдэг олгодог билээ.Г.Александр 15 наснаасаа хойш 51 жил мал малласан аймгийн ахмад малчдын нэг юм.

Тэрбээр өнгөрсөн онд 1500 гаруй мал тоолуулсан, 2018-2020 онд 100 эхээс 100-105 хувиар төл бойжуулсан бөгөөд үржилд 188 толгой мал худалдаж, 666 толгой малаар айл өрхийг малжуулжээ. Сүүлийн жилд 163 тонн өвс өөрөө бэлтгэж, 2723 малаа 600 мянган төгрөгөөр даатгуулсан байна. Түүний хөдөлмөрийг төр засгаас үнэлж 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2011 онд “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан", 2017 онд "Аймгийн сайн малчин" болсон байна.

Улсын аварга малчин өрхөд МУ-ын Засгийн газар ХХААХҮЯ-ны шагнал Улсын аварга малчны үнэмлэх, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, төрийн сүлд бүхий цом, ХХААХҮ-ийн сайдын гарын бэлэг, агар зандан хувин, МУ-ын Ерөнхийлөгчийн гарын бэлэг, МУ-ын Ерөнхий сайдын гарын бэлэг, Аймгийн Засаг дарга, сум орон нутгийн гарын бэлгийг хүртээж, Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, Хэнтий нутгийн уран бүтээлч Д.Наранхүү ая дуугаа өргөн хүндэтгэл үзүүллээ.