ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ НИЙТДЭЭ 800 ШАХАМ САЯ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2021.06.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр “Хэтийн Хэнтий-2024” бодлогын баримт бичиг, түүнд тусгагдсан Эх хүүхдийн эрүүл мэнд арга хэмжээний хүрээнд Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, сум тосгоны эрүү...

Өнөөдөр Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр “Хэтийн Хэнтий-2024” бодлогын баримт бичиг, түүнд тусгагдсан Эх хүүхдийн эрүүл мэнд арга хэмжээний хүрээнд Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, сум тосгоны эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай 300 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг сумдад хүлээлгэн өглөө.

“Ковид-19” цар тахлын үед болон сумдын эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөд аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяр, НЭ-ийн дарга Д.Оюунгэрэл, сумдын эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд оролцож, Хэнтий аймагт үүсээд байгаа цар тахлын нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулах ёстойг чухалчиллаа.

“Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах санал асуулга, мөн аймгийн Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж 22 сум сууринд хүрч эрүүл мэндийн ажилтан, албан хаагчидтай хийсэн уулзалт, эрүүл мэндийн ажилтнуудын санал санаачилга зэрэг хэд хэдэн хүчин зүйлд тулгуурлан эрүүл мэндийн салбартаа анхаарч дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийг шийдвэрлэж буйг Засаг дарга Ц.Идэрбат мөн үеэр мэдэгдлээ. Өмнө тэрбээр эрүүл мэндийн ажилчдын санал хүсэлтэд тулгуурлан орон нутгийн төсвөөр 460 орчим сая төгрөгийн багаж хэрэгсэл, нийтдээ 790 орчим сая төгрөгийн шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ийнхүү шийдвэрлэснийг уламжиллаа.

Үүнчлэн аймгийнхаа эмч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд АШУҮИС, Улсын хоёрдугаар эмнэлэгтэй хамтарч ажиллахаар болж, энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай цахим сургалтын төвийг Эрүүл мэндийн газарт тохижуулсан, сумдын эрүүл мэндийн төвийн урсгал зардал 1,0 сая төгрөг байсныг ЭМТ-үүдийн эрхлэгч нарын хүсэлтээр 3 дахин буюу 3,0 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн юм.

Өнөөдөр Коронавируст халдвар “КОВИД-19” цар тахлын дэгдэлтийн үеийн Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар GE брэндийн Carescape R860 маркын 160 сая төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг суурин амьсгалын аппарат, Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Адрага, Баян-Овоо, Баянмөнх, Баянхутаг, Биндэр, Галшар, Дадал, Дэлгэрхаан, Бор-Өндөр, Цэнхэрмандал сумд, Бэрх хот, Гурванбаян, Өлзийт, Тахилгат тосгонд Коронавирус халдвар “КОВИД-19” цар тахлын үед хэрэглэх нийт 168,1 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээлгэн өглөө.