ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХОЁР БАГ ӨЛЗИЙТ ТОСГОН, МӨРӨН СУМАНД АЖИЛЛАХААР ГАРЛАА

2021.05.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Шуурхай штабын ээлжит хурал болж, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн хоёр багийг Мөрөн сум, Өлзийт тосгонд ажиллуулахаар явууллаа. Үүссэн нөхцөл байдлыг тодруулбал, өчигдөр түргэвчилсэн оношлуураар 22...

Аймгийн Шуурхай штабын ээлжит хурал болж, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн хоёр багийг Мөрөн сум, Өлзийт тосгонд ажиллуулахаар явууллаа.

Үүссэн нөхцөл байдлыг тодруулбал, өчигдөр түргэвчилсэн оношлуураар 22, PCR буюу Полимеразийн гинжин урвал /ПГУ/-ын 81 шинжилгээ авахад /2021.05.13-ны өглөө/ 3 шинжилгээний хариу эерэг гарчээ. Мөрөн суманд хоёр, Өлзийт тосгонд нэг хүний шинжилгээний хариу эерэг гарч, нийт батлагдсан тохиолдол 76 боллоо. Халдвар илэрсэн хүмүүсийн ойрын болон дам хавьтлуудыг тогтоож, шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Шуурхай штабын Тандалтын багаас Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг тусгаарласан учир халдвар хөдөө орон нутагт тархах боломжгүй, халдварын голомтыг тогтоох ажил үргэлжилж байна гэлээ.Эрүүл мэндийн газраас Хэрлэн сумын ойрын болон дам хавьтлуудаас авсан хуваарьт шинжилгээний хариу сөрөг гарсан, аймгийн хэмжээнд 44497 хүн вакцинд хамрагдсаныг мэдээлэв.

Халдвартын тасагт 9 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдөр 3 хүн эмнэлгээс гарна. Зооноз өвчин судлалын төв өчигдөр 10 ААН, нэг айл өрх, 9 тээврийн хэрэгсэл, тандалт шинжилгээний 21 цэгийн нийт 7402 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав худалдаа үйлчилгээний газрууд, ахуйн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад тавих хяналт шалгалтыг чангатгах, ард иргэдэд амны хаалт, бээлийгүй үйлчилж байгаа бол тухайн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох хүртэл арга хэмжээ авахыг Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгож, Аймгаас Мөрөн сум, Өлзийт тосгонд очиж ажиллаж буй багийн ахлагч нарт ойрын болон дам хавьтлуудыг бүрэн тогтоож, нөхцөл байдлыг хяналтдаа авахыг даалгалаа.

Шуурхай штабаас ард иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, амны хаалтаа зүүж, олон нийтийн газраар үйлчлүүлэхээр бол зай барихыг анхааруулж байна.