ХЭРЛЭН СУМЫН 152 ИРГЭНЭЭС PCR ШИНЖИЛГЭЭ АВАХАД 2 ТОХИОЛДОЛ ЭЕРЭГ ГАРЧЭЭ /2021.04.16/

2021.04.16
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Шуурхай штабын ээлжит хурлаар өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид Хэрлэн сумын 152, Сүхбаатар аймгийн 197, Цэнхэрмандал сумын 43, нийтдээ 392 иргэний PCR шинжилгээний сорьцыг шинжилхэд Хэрлэн сумы...

Шуурхай штабын ээлжит хурлаар өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид Хэрлэн сумын 152, Сүхбаатар аймгийн 197, Цэнхэрмандал сумын 43, нийтдээ 392 иргэний PCR шинжилгээний сорьцыг шинжилхэд Хэрлэн сумын хоёр иргэнээс шинжилгээний хариу эерэг гарч, нийт халдвар авсан тохиолдол Хэнтий аймагт 31 бүртгэгдсэнийг мэдээллээ.

Биеийн байдал хүндэрсэн нэг өвчтөнийг өнөөдөр өглөө 06:00 цагаас ХӨСҮТ-рүү шилжүүлсэн бол хүндэвтэр байгаа 2 өвчтөнд вирусийн эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн газраас цаашид үүсэж болох эрсдэлийг тооцон нэмэлтээр эмнэлэг гаргаж бэлтгэл бэлэн байдлыг хангах шаардлагатай гэж үзэж байна. Халдвартын эмнэлэг 25 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай. Тиймээс Сүрьеэгийн эмнэлэгт ор дэлгэж, тусгаарлах тасаг бэлтгэхээр боллоо.

Шуурхай штабын Тандалт, судалгааны багаас Хэрлэн сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 73, дам хавьтал 250 гэж тогтоогоод байгаа бөгөөд судалгааг Хэрлэн сумын Шуурхай штабт хүргэсэн. Ойрын болон дам хавьтлуудыг гэрт нь тусгаарлаж, Шуурхай хариу арга хэмжээний 4 бүлэг гарч 48 цагийн дотор бүх хавьтлуудаас PCR шинжилгээ авахаар боллоо. Тандалт судалгааны багаас дам хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна.

Шуурхай штабын бүрэлдэхүүн хатуу хөл хориог энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлүүлж, энэ хугацаанд халдварыг хумих нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдана.

Бор-Өндөр суманд архи согтууруулах ундаа зарсан нэг зөрчил, Хэрлэн суманд хөл хорионы дэглэм зөрчсөн нэг зөрчил гарсан байна.

Аймгийн хэмжээнд өдөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1-2 дуудлага ирж буйг Цагдаагийн газраас мэдээллээ.

Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэг зогссон, хэвтэн эмчлүүлэх, эмнэлгээс иргэдийг эмнэлгийн байгууллагаас хүргэлт хийж байна. Хэрлэн сумын ойрын болон дам хавьлуудыг гэр бүлийн гишүүдтэй тусгаарлах ажлыг харьяа төрийн байгууллагууд, Хэрлэн сумын Шуурхай штаб зохион байгуулж, төрийн албан хаагчид, Мэргэжлийн хяналтын газар 24 цагаар хяналт тавина.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ