Ц.ИДЭРБАТ: АЙМГИЙН БҮХ СУМДАД ХОГНЫ ШИНЭ МЕНЕЖМЕНТ ХЭРЭГЖҮҮЛЖ, ГЭР ХОРООЛЛЫН СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ЦАХИЛГААНЫ ШУГАМЫГ ҮЕ ШАТТАЙГААР ТАТНА

2021.04.06
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг Дарга Ц.Идэрбат дөрөвдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд нийслэлд томилолтоор ажиллалаа. Улаанбаатарт ажилласан ажлаас онцолбол, тэрбээр Эрчим хүчний сайд Н.Тавихбэхтэй уулзаж, Дулааны станц, Дэлхийн банкны санхүүжил...

Аймгийн Засаг Дарга Ц.Идэрбат дөрөвдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд нийслэлд томилолтоор ажиллалаа.

Улаанбаатарт ажилласан ажлаас онцолбол, тэрбээр Эрчим хүчний сайд Н.Тавихбэхтэй уулзаж, Дулааны станц, Дэлхийн банкны санхүүжилтээр баригдах Гэр хорооллын цахилгааны шугам сүлжээний ажлын явцын талаар танилцуулж, ажлаа шуурхай гүйцэтгэх талаар хэлэлцэж, зөвшилцөлд хүрлээ. Үүнчлэн Хэнтий аймгийн бүх сумдад хогны шинэ менежмэнт хэрэгжүүлэх, гэр хорооллын суурьшлын бүс рүү цахилгааны шугам татах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ.

Хогны шинэ менежмент нь Чингис хотын жишгээр айл өрхүүд эрчим хүчний төлбөрөө хогны төлбөртэйгөө хамтатган тушааж, сум бүрт аж ахуйн тооцоот газар байгуулагдан нэгдсэн журмаар хог хаягдлаа цэвэрлэх юм байна. Ингэснээр сумын өнгө төрх, үзэмж сайжрахаас гадна ажлын байр нэмэгдэх давуу талтай.

Тэрбээр мөн Өмнөдэлгэр болон нэр бүхий сумдын 50 иргэний ноолуурын төлбөрийн асуудал, хөдөө аж ахуйд хэрэгжих төсөл хөтөлбөртэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай уулзалт хийсэн байна. Уулзалтад тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэний зөвлөх Б.Наранбат, “Наран Золбоот ” ХХК-ийн захирал н.Намсрай нар тус уулзалтад оролцжээ.

Өмнө нь аймгийн Засаг дарга ноолуураа тушаасан иргэдийн төлбөрийг барагдуулах асуудлаар Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, ХХААХҮ-ийн сайдад албан бичиг хүргүүлээд байсан юм.

Уулзалтын үр дүнд талууд нэгдсэн шийдэлд хүрч, ноолуураа тушаасан иргэдийн төлбөрийг тухайн компаниас нь барагдуулах болсныг мэдээллээ.

Аймгийн Засаг дарга өнөөдөр Хэнтий аймагт ирж байгаа бөгөөд 5 хоног гэрийн ажиглалтад байх хугацаандаа цахимаар ажлаа хийнэ.