АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЛАБОРАТОРИОР БАТЛАГДСАН 6 ТОХИОЛДЛЫГ ХӨСҮТ БАТАЛГААЖУУЛНА

2021.03.28
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр 20:00 цагаас аймгийн Засаг дарга Коронавируст халдварын /Ковид-19/ талаар мэдээлэл хийсэн. Мэдээллийг тодруулбал өчигдөр /2021.03.27/ Хэрлэн сум, Бор-Өндөр сумаас нийтдээ 80 PCR шинжилгээ, 97 түргэвчилсэн оношлуураар шин...

Өнөөдөр 20:00 цагаас аймгийн Засаг дарга Коронавируст халдварын /Ковид-19/ талаар мэдээлэл хийсэн. Мэдээллийг тодруулбал өчигдөр /2021.03.27/ Хэрлэн сум, Бор-Өндөр сумаас нийтдээ 80 PCR шинжилгээ, 97 түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан тухай мэдэгдэж, Бор-Өндөр сумын шинжилгээ сөрөг гарсныг мэдээллээ. Харин Хэрлэн сумын PCR шинжилгээний 5 сорьц эерэг хариу гарсан байна. Энэ нь 26-ны өдөр тус суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэдээс давтан PCR шинжилгээ авахад илэрсэн хариу гэж онцоллоо.

Өөрөөр хэлбэл ойрын болон дам хавьтлуудыг тодорхойлж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарч байсан тохиолдлууд давтан PCR шинжилгээ авахад эерэг гарч байгааг тэрбээр хэлж байна.

Мөн Эрүүл мэндийн яамны мэдээллээр Хэнтий аймагт батлагдсан тохиолдол 6 гэж мэдээлж байгаа. Энэ нь ХӨСҮТ-рүү явуулж батлагдсан Бор-Өндөр сумын зургаан тохиолдлын дүн гэсэн үг. Түүнээс хойш Хэрлэн суманд энэ сарын 26-нд батлагдсан нэг, өнөөдөр батлагдсан 5 тохиолдлын шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид шинжилсэн юм. Эдгээр эерэг гарсан шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид өнөөдөр /2021.03.28/ явуулсан бөгөөд ХӨСҮТ-д баталгаажиснаар улсын дүнд нэгтгэгдэнэ гэсэн үг.

Тэгэхээр ХӨСҮТ-ээр баталгаажсан 6, аймгийн Лабораторийн шинжилгээгээр батлагдсан 6 тохиолдол нийт 12 тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдөр шинжилгээний хариу эерэг гарсан 5 тохиолдлын ойрын болон дам хавьтал болох иргэдээс 70 PCR шинжилгээ, 71 түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлууд үргэлжилж байна. Шинжилгээний хариу маргааш өглөөний 08:00 цагт гарах бөгөөд Шуурхай штаб 12:00 цагт мэдээлэл хүргэнэ.

Анх Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Радио лакоторын станцаас /албан томилолттой иргэнээс/ буюу нэг эх сурвалжаас халдвар тархсан бөгөөд хавьтлуудыг тоог гаргаж, эхний болон давтан шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдлуудыг нягталж үзэхэд эмнэл зүйн шинж тэмдгээсээ хамааран давтан шинжилгээгээр батлагдаж байгааг Засаг дарга мөн мэдээлсэн.

Тэрбээр аймгийн хэмжээнд эм тарианы нөөц хангагдсан, эмчлэх байрны орчин бүрдсэнийг дуулгаж ард иргэдийг тайван байж мэргэжлийн байгууллагуудаас өгсөн заавар зөвлөмжийг ягштал биелүүлж, гэрийн дэглэмийг сайтар баримтлахыг хүслээ.Үүнчлэн ААН, хүнсний дэлгүүрүүдээс хүргэлтийн үйлчилгээ хүссэн санал хүсэлтүүд ихээр ирж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы үед бүх хүсэлтийг биелүүлэх боломжгүй, болзошгүй эрсдэлийг тооцоолж байна гэв.

Цаашдаа хөл хорио тогтоосон 7 хоногийн хугацааг үр дүнтэй зарцуулж, үүссэн нөхцөл байдлыг хамтын хүчээр даван туулахыг мөн уриаллаа.

Эцэст нь тэрбээр нөхцөл байдал хяналтаас гараагүй, мэргэжлийн байгууллагууд, аймгийн Шуурхай штаб бүхий л нөөц боломжоороо ажиллаж буйг дуулгаад Халдвар авсан нэгнийгээ алаг үзэж, эх сурвалжгүй эндүү ташаа мэдээлэл нийтэд түгээхгүй байхыг хүслээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ