ГАМШГААС ХАМГААЛАХ ШУУРХАЙ ШТАБ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГ, БҮЛГҮҮДИЙГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ АЖИЛЛУУЛЛАА

2021.03.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Үдшийн /2021.03.25/ 22:00 цагаас аймгийн Засаг дарга Ц.Идэрбат энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар захирамжаар томилгоожсон Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүн, Гамшгаас хамгаалах Шуурхай штаб хариу арга хэм...

Үдшийн /2021.03.25/ 22:00 цагаас аймгийн Засаг дарга Ц.Идэрбат энэ оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн А/26 дугаар захирамжаар томилгоожсон Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүн, Гамшгаас хамгаалах Шуурхай штаб хариу арга хэмжээний баг, бүлгүүдийн удирдлагуудтай хуралдлаа.

Хурлаар аймгийн Засаг дарга шинжилгээний хариу эерэг гарвал хэрхэх талаар хэлэлцэж, эрсдэлээ урьдчилан тооцож, Гамшгаас хамгаалах хариу арга хэмжээний баг, бүлгүүдийг зохион байгуулалтад орж, өнөөдөр шөнөдөө бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахыг үүрэг болголоо.

Тухайлбал, Шуурхай штабын бүрэлдэхүүн, Нийгмийн эрүүл мэндийн төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээний баг, Хариу арга хэмжээний баг, Санхүү, нөөц хангалтын баг, Захиргааны баг, Шуурхай хариу арга хэмжээний бүлгүүд өнөөдөр ажилдаа ороод байна.

Бор-Өндөр суманд илэрсэн сэжигтэй тохиолдол, нэгдүгээр хавьтлуудаас нийт 7 сорьц авч ХӨСҮТ-д хүргэгдсэн. Эрүүл мэндийн газраас Шуурхай хариу арга хэмжээний бүлэг Бор-Өндөр суманд болон зэргэлдээ сумдад ажиллаж PCR шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр шөнөдөө сорьцыг авч ирэх юм байна. Шуурхай штабын бүрэлдэхүүн 25-ны өдрийн 18:00-19:30 цагт бүх сумдтай холбогдож, Бор-Өндөр сумаас зорчиж хүрсэн иргэдийн судалгааг гаргаж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

ХӨСҮТ-рүү хүргүүлсэн PCR шинжилгээний хариу, Шуурхай штабын ажлын явцын талаар бид тухай бүрт нь мэдээлэх болно.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ