ЭМГ-ЫН ДАРГА Л.МЭНДБАЯР: КОРОНАВИРУС, ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ АРД ИРГЭДИЙН УХАМСРААС ИХЭЭХЭН ХАМААРАЛТАЙ БОЛЛОО

2021.03.23
Бид хан хэнтийнхэн Засаг дарга
Энэ сарын 17-ны өдөр Өмнөдэлгэр сумыг дамжин өнгөрч буй иргэнээс коронавирус илэрч тухайн сум, гарах орох хөдөлгөөнөө хязгаарлаж, аймаг, сумын Шуурхай штаб, хариу арга хэмжээ авах баг өнгөрсөн өдрүүдэд тус суманд ажилласан. Энэ т...

Энэ сарын 17-ны өдөр Өмнөдэлгэр сумыг дамжин өнгөрч буй иргэнээс коронавирус илэрч тухайн сум, гарах орох хөдөлгөөнөө хязгаарлаж, аймаг, сумын Шуурхай штаб, хариу арга хэмжээ авах баг өнгөрсөн өдрүүдэд тус суманд ажилласан. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаяраас тодрууллаа.

-       Өнөөдөр Өмнөдэлгэр сум хязгаарлалтын дэглэмээ цуцалжээ. Сэжигтэй тохиолдлын ойрын  хавьтлуудаас  авсан  PCR  шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Хичнээн хүнээс шинжилгээ авсан бэ?

Өмнөдэлгэр суманд 3 дугаар сарын 21-ний өдөр ойрын хавьтлын 7, дам хавьтлын 79 хүнээс нийт 86 хүнээс PCR шинжилгээ авсан. Мөн тухайн үед Батноров сумаас 5, Хэрлэн сумаас 6 хүний шинжилгээ мөн хийгдсэн. Нийт шинжилгээ авсан иргэдээс Өмнөдэлгэрийн нэг тохиолдол сул эерэг буюу эргэлзээтэй шинжилгээ гарсан. Эргэлзээтэй гарсан тохиолдолд бид дахин шинжилгээ авч эмнэлгийн лавлагаа шатлал руу явуулдаг. Тиймээс Өмнөдэлгэр сумын иргэн С-ийн PCR шинжилгээг хүүгийнх нь, мөн ойрын хавьтал болсон хоёр иргэний шинжилгээний хамт нийт дөрвөн сорьцыг өчигдөр өглөөний 08 цагт Улаанбаатар хот, ХӨСҮТ-рүү хүргэсэн. Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдрийн 21:50 цагт эдгээр дөрвөн иргэний шинжилгээ сөрөг гарсан. Иргэн С-д эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй. Ийм учраас сумын Онцгой комиссод ойрын хавьталд байгаа иргэдийг нь гэрийн ажиглалт, тусгаарлалтыг 7 хоног үргэлжлүүлэх чиглэл хүргэсэн. Өмнөдэлгэр сумын Онцгой комисс өчигдөр 23:00 цагаас хязгаарлалтын дэглэмээ цуцалсан.

-       Батноров сум, Хэрлэн сумын иргэдээс мөн PCR шинжилгээ авчээ?

Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу шинжилгээ авсан. Тухайн иргэд PCR шинжилгээ өгөөд Батноров суманд ирсэн байсан. Дахин авахад сөрөг гарсан. Мөн түүврийн аргаар PCR шинжилгээ авч байна. Улаанбаатар хотоос зарим иргэд ах дүү нарынхаа шинжилгээгээр, эсхүл хугацаа нь хэтэрчихсэн бичигтэй нэвтрэх оролдлого хийж байгаад харамсаж байна. Харин манай Дэлүүн Болдогийн шалган нэвтрүүлэх постод 24 цагаар ажиллаж байгаа 12 төрийн албан хаагч, хууль хяналтын байгууллагууд олж тогтоогоод хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Хэнтий аймаг ногоон бүс. Энэ байдлаа хадгалж, иргэдээ эрсдэлд оруулахгүйн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг төрийн албан хаагчид авч байна.

-       Өмнөдэлгэр сумын үйл ажиллагаа хэвийн горимд орсон гэсэн үг үү?

Өнөөдөр өглөөнөөс сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа хэвийн горимд орсон. Хэдийгээр хэвийн үйл ажиллагаанд орсон ч гэсэн Өмнөдэлгэр сумын онцгой комиссоос хувийн ариун цэвэр, ариутгал халдваргүйтгэлийн дэглэм сахих, зай барих, хөл хөдөлгөөнтэй газраар явахгүй байх, нус цэрээ ил задгай хаяхгүй байх, зовуурьтай бол эрүүл мэндийн байгууллагад хандаж, үзүүлэх зөвлөмж хүргэсэн.

-      Улс орны нөхцөл байдал амаргүй байна?

Ковидын нөхцөл байдал Монгол орон даяар хэцүү байна. Шинээр батлагдсан тохиолдол 200-аас дээш тоогоор нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 5392-д хүрлээ, 6 аймагт цар тахал зөөвөрлөгдлөө. Улаанбаатар хот маш эрсдэлтэй том голомт. Тийм учраас хэнээс ч халдвар илрэхийг байг гэхгүй эрсдэлтэй бүс болсон байна. Хэнтий аймагт Улаанбаатар хотоос хүмүүс ирж байна. Нийтдээ өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад байгаа 295 иргэн, үүнээс Хэрлэн суманд 88 иргэн байна. Коронавирус, цар тахалтай тэмцэх ажил ард иргэдийн ухамсраас ихээхэн хамааралтай боллоо.

Хүн бүр голомттой бүсээс зорчихдоо  PCR шинжилгээ хийлгээд, өөрсдөө хувийн хамгаалах хэрэгслээ базааж, хувийн ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой. Ялангуяа ар гэрийн гачигдал,  буяны ажилд оролцож байгаа хүмүүс халдварын голомттой бүсээс ирж байна. Үүн дээр зовлон гачигдал тохиолдсон ч гэсэн маскаа зүүж, гараа ариутгаж, зай барьж, дэглэмээ баримталж, бусдынхаа эрүүл мэндийг бодох, эрсдэл гаргахгүй байх үүрэгтэй.

-       Манай аймагт PCR шинжилгээний хэдэн сорьц бий вэ?

PCR шинжилгээний 5000 урвалж байгаа. Нэг удаа 96 тохиолдолд хийдэг. Хоёр тохиолдолд хийгээд 50 удаа хийх урвалж үлдсэн. Шинжилгээний урвалж өндөр үнэтэй.  Энэ 5000 урвалж 107 сая төгрөгийн өртөгтэй.

-       Вакцин хийлгэсэн орон нутгийн харьяалалтай хүмүүсийг PCR шинжилгээгүйгээр нэвтрүүлэх үү?

Үгүй. Эрүүл мэндийн яамнаас урьдчилан сэргийлэх вакцины эхний тун хийлгэсэн хүмүүс хөдөө орон нутаг  руу  нэвтрэхдээ  PCR  шинжилгээгүй постоор нэвтрэх гэж хүндрэл учруулдаг. Урьдчилан сэргийлэх нэгдүгээр тунгаа хийлгээд халдвар илэрсэн тохиолдол ХӨСҮТ-д нэлээн хэд бүртгэгдлээ. Тийм учраас нэгдүгээр тунгаа хийлгэсэн иргэд заавал PCR  шинжилгээ хийлгэж нэвтэрнэ гэж ойлгох хэрэгтэй.

-       Коронавирусын вакцин манайд хэзээ ирэх вэ?

Эрүүл мэндийн яамнаас аймгуудад хуваарилаагүй байна. Хуваарилбал бид бүхэн вакцинаа зохих журмын дагуу хийнэ. Сумын Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн нийт 27 эмчид вакцины  хоёр удаагийн сургалт хийсэн.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР