ХАН ХЭНТИЙ ЧУУЛГЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭГЧ "МАКС МАЙНД" ХХК-ТАЙ ГЭРЭЭГЭЭ ЦУЦЛАХ ТУХАЙ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

2021.03.10
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй
03 дугаар сарын тавны өдөр аймгийн Засаг дарга “Макс майнд” ХХК-ийн захиралд гэрээ цуцлах тухай албан бичгийг хүргүүлсэн байна. Үүнээс өмнө гуравдугаар сарын нэгний өдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Хан Хэнтий чуулгын барилгы...

03 дугаар сарын тавны өдөр аймгийн Засаг дарга “Макс майнд” ХХК-ийн захиралд гэрээ цуцлах тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

Үүнээс өмнө гуравдугаар сарын нэгний өдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Хан Хэнтий чуулгын барилгын ажлыг гүйцэтгэж буй “Макс майнд” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, цаашид гэрээгээ сунгахгүй, үлдэгдэл санхүүжилтээр сонгон шалгаруулалт зарлаж, өөр чадамжтай компаниар Хан Хэнтий чуулгын барилгыг ашиглалтад оруулах, гүйцэтгэгчийн хийсэн ажилтай холбогдуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, Сангийн яаманд хандах, 3-р сарын 3-ны өдөрт багтаан туслан гүйцэтгэгч "СЕТТИМО" ХХК-д санхүүжилтийг олгосон тохиолдолд, дараагийн шатанд ярилцахаа илэрхийлж, уулзалтын хугацааг 3-ны өдөр товлосон байв.

Тус компани нь анх 2015 оны наймдугаар сард Чингис хотод баригдах 600 суудалтай Хан Хэнтий чуулгын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, энэ оны 3-р сарын тавныг хүртэлх хугацаанд 4 удаа сунгасан байна. Өмнө нь “Хөвсгөл геологи” ХХК гүйцэтгэж байсан юм.

Ц.Идэрбат аймгийн Засаг даргаар томилогдмогцоо тус барилга 4 Засаг даргын нүүрийг үзэж байна, Хан Хэнтийчүүд хохирч байна хэмээгээд ажлаа чанартай, шуурхай дуусгах шаардлагыг компанийн удирдлагуудад удаа дараа тавиад байсан юм.

Мөн захиалагч тал тайзны технологийн ажлыг гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгч "СЕТТИМО" ХХК-ийн санхүүжилтийг олгохыг “Макс майнд” ХХК-аас хүссэн ч олгоогүй, боломжгүй гэсэн хариу ирүүлснээс шалтгаалан цаашид гэрээг сунгахгүйгээр цуцлах албан бичгийг хүргүүлсэн байна.

Гэрээний үүргийг биелүүлээгүй танай байгууллагын хувьд эрх бүхий байгууллагад гомдол гаргах тохиолдолд манай зүгээс тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал хүргүүлэх, гэрээний заасан /2015.08.25-ны өдрийн №УБТУ-01/2015 / хугацаандаа гүйцэтгээгүй ажлын алданги тооцож нэхэмжлэхээ албан бичигтээ дурджээ.