Мэдээ мэдээлэл
ТӨРИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН МЭДЭЭЛЛИЙГ АЙМГИЙНХАА БҮХ ИРГЭДЭД ХҮРГЭНЭ
Аймгийн Засаг даргын “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Цахим Хэнтий” төрийн шуурхай үйлчилгээг нэвтрүүлэх зорилтыг тусгасан. Тэгвэл энэ хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газраас Сумдын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудад сургалт явууллаа.
Сургалтад 18 сумын 22 хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо. Тэдэнд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай”, “Хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах”, “Төрийн мэдээ хэрхэн бэлтгэх”, “Цахим орчинд ажиллах” болон мэдээлэл бэлтгэхтэй холбогдуулан тоног төхөөрөмжтэй харилцах талаарх анхан шатны сургалтуудыг Аймгийн ЗД-ын Хэвлэлийн төлөөлөгч С.Ган-Эрдэнэ удирдан зохион байгуулсан бөгөөд Хэрлэн сумын Засаг даргын орлогч, сэтгүүлч Д.Бат-Эрдэнэ, сэтгүүлч Д.Мөнхбаатар нар мөн сургалт явууллаа.
Үүнчлэн “Хэнтийн мэдээ агентлаг”, “Өндөрхаан телевиз”, “Нэгүүн шууд мэдээллийн агентлаг”, “Бүргэд телевиз”-ийн сэтгүүлч, уран бүтээлчид орон нутгийн хэвлэлийн ажилтнуудтай уулзаж, байгууллагынхаа танилцуулга хийж, сонирхсон асуултад хариулт өглөө.
Ихэнх сумдад Нийгмийн бодлогын түшмэл нь Хэвлэл мэдээллийн ажилтны үүргийг давхар гүйцэтгэдэг бөгөөд тэдэнд тулгамддаг бэрхшээл, гарцын талаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга санал солилцож, сумдын удирдлагуудад нь уламжилхаар болсон бол Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчилахад сумдын хэвлэлийн ажилтнууд чухал үүрэгтэйг онцолж, Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, мэдээллийг аймгийнхаа нийт иргэдэд хүргэх эхлэл тавигдаж буйг сайшаалаа.
“Хэтийн Хэнтий-2024” хөтөлбөрт www.khentii.mn төрийн мэдээллийн портал сайтад 18 сумын төрийн байгууллагуудыг холбож, үйл ажиллагааны, хүний нөөц, төсөв санхүү, худалдан аван ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, Шударга байдлын үнэлгээний ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилтууд, “Иргэдийн оролцоот-Хэтийн Хэнтий” арга хэмжээ, E-mongolia системийн ач холбогдлыг сурталчилах, Шилэн дансны хэрэгжилтийг сайжруулах зэрэг томоохон зорилтуудыг дэвшүүлээд байна.
Цаашид сургалт шат дараатай үргэлжлэх бөгөөд энэ оны эхний хагас жилд Засаг даргын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч 23 агентлагийн мэдээллийн ажилтнуудыг мөн сургах юм байна.