АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ УЛИРАЛ ТУТАМ ДҮГНЭДЭГ БОЛНО

2021.02.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат албан байгууллагуудын удирдах ажилтнуудтай өргөтгөсөн хурал хийлээ. Тэрбээр хурлын үеэр бид одоогоос зургаан сарын өмнө 8 дугаар сарын 17-нд анхны удирдах ажилтны зөвлөгөөнийг хийсэн, түүнээс...

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Идэрбат албан байгууллагуудын удирдах ажилтнуудтай өргөтгөсөн хурал хийлээ. Тэрбээр хурлын үеэр бид одоогоос зургаан сарын өмнө 8 дугаар сарын 17-нд анхны удирдах ажилтны зөвлөгөөнийг хийсэн, түүнээс хойш орон нутгийн сонгууль болж, шат, шатны удирдлагууд томилогдсон. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ цаг үед ахин уулзаж байна. Ирэх долоо хоногоос Монгол улсад /Ковид-19/ цар тахлын вакцинжуулалт эхэлнэ тиймээс энэ удаагийн хуралд ач холбогдол өгч байгаа хэмээгээд Албан байгууллагуудын удирдлагуудтай хийх уулзалтын журам, томилолтын журмыг шинэчлэн баталсан, Байгууллагын үйлчилгээний шинэ стандартын загвар баталж буйг дуулгалаа.

Өмнө нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хагас жилээр тооцон дүгнэдэг байсан бол энэ оноос эхлэн гурван сараар дүгнэн эхэлж байна. Үүнчлэн Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангах, аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын биелэлтийг тооцох, цаг үеийн тулгамдсан асуудлыг шуурхай хэлэлцэх зорилгоор сар бүрийн 2 дахь долоо хоногт АЗДТГ-ын хэлтсүүд харьяа агентлаг, байгууллагуудтай уулзалт зохион байгуулан хэвшихээс гадна, Сар бүрийн 4 дэх долоо хоногт нийт агентлаг, төрийн байгууллагуудыг оролцуулан өргөтгөсөн байдлаар уулзалт зохион байгуулахаар боллоо.

Ингэснээр МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон, Аймгийн Засаг даргын хөтөлбөрийг амьдрал дээр бодитой хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, төрийн байгууллагын чанар хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, ард иргэдийг алагчилдаггүй төрийн үйлчилгээг, ёс зүйтэй төрийн албан хаагчийг төлөвшүүлэх ач холбогдолтой гэдгийг аймгийн Засаг дарга мэдэгдлээ.

Өнөөдрийн хуралд нийт 60 гаруй байгууллагын удирдлагууд, удирдах албан тушаалтнууд оролцсон бөгөөд цаг үеийн асуудлаар Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийсэн бол дээр дурдсанчлан Засаг даргын мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэл хийлээ.

Хурлаар МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн E-Mongolia болон Erp.e-mongolia системийг төрийн бүх байгууллагад нэвтрүүлэх, Байгууллагын үйлчилгээний стандартыг ирэх гуравдугаар сарын нэгнээс өмнө батлахыг үүрэг болгов.

Мөн орон нутагтаа Засаг даргын үйл ажиллагаанд туссан хямд үнэтэй орон сууцаар ард иргэдээ хангах зорилтын хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд болон төрөөс орон сууцжуулах, аймгийнхаа нийт ард иргэдийнхээ санал хүсэлтийг цахимаар авдаг болох зэрэг шинэ санаачилгуудыг дэвшүүлсэн үр дүнтэй хурал боллоо.