Мэдээ мэдээлэл
УЛСЫН САЙН МАЛЧИН Н.ШАРАВЖАМЦ АГСНЫ ХҮҮ Ш.ЭРДЭНБАЯРЫНХ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” БОЛЛОО
Нэг айлаас зулай, зулайгаа гишгэн төрсөн Монгол Улсын сайн малчин, аймгийн “Алдарт уяач” Н.Шаравжамц, Н.Донойдоо нарыг Хэнтийчүүд андахгүй. Удамт малчин А.Намжил, С.Сүх нарын таван хүүхдээс тодорсон энэ ах дүүс өдгөө нутаг орондоо төдийгүй улсдаа танигдсан сайн малчид, уяачид билээ.
Тэгвэл “Хотол төгс” хэмээх хулгана жилийн амжилтаараа МУ-ын “Сайн малчин”, аймгийн алдарт уяач Н.Шаравжамц агсны хүү Ш.Эрдэнэбаяр, гэргий Мөнгөнчимэгийн Солонго нар аймгийн аварга малчин болж, “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарлаа. Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат болон Дархан сумын удирдлагууд, соёлын төвийн хамт олон Дархан сумын Шажин багийн Цагаан-Өндөрт байрлах Ш.Эрдэнэбаярын өвөлжөөнд хүрч аварга малчны шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Ш.Эрдэнэбаяр эцэг өвгөдийнхөө залгамж халаа болж, 16 жил тасралтгүй мал маллаж байгаа бөгөөд 2015 онд “Сумын шилдэг малчин”, 2016 онд “Сумын сайн малчин” болжээ. Тэрбээр өнгөрсөн оны эцэст 2297 толгой мал тоолуулсан бөгөөд сүрэгт эзлэх хээлтэгчийг 35,1-52,6 хувиар нэмэгдүүлсэн бол нийт малын 21,5 хувийг ямаа эзэлж байна. 100 эхээс 100-110,6 хувиар төл бойжуулж, нэг өрхийг 396 малаар малжуулжээ.
Үүнчлэн 219 малаа үржилд худалдаж, даатгалд 272 мал даатгуулж, өвөлжилтийн бэлтгэх хангах зорилгоор 22 тонн өвс бэлтгэсэн байна.
Мал аж ахуйн салбарт бусдыгаа хошуучлан ажиллаж, Аймгийн аварга малчин өрхөөр тодорсон танай гэр бүлд аз, жаргал сайн сайхныг хүсье.
С.Ган-Эрдэнэ