ГУРВАН ҮЕЭРЭЭ АЛДАРТ УЯАЧ Н.БАТДОРЖИЙНХ “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” БОЛЛОО

2021.02.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Баянхутаг сум Хэнтий аймагтаа мянгат малчдаараа тэргүүлдэг. Тэгвэл Баянхутаг сумын Цантын хоолой багаас хэзээнээсээ улс, аймгийн сайн малчид, алдарт уяачид төрөн гардаг жамтай. Энэ жил тус багаас Нацагдоржийн Батдорж, Баатарын О...

Баянхутаг сум Хэнтий аймагтаа мянгат малчдаараа тэргүүлдэг. Тэгвэл Баянхутаг сумын Цантын хоолой багаас хэзээнээсээ улс, аймгийн сайн малчид, алдарт уяачид төрөн гардаг жамтай. Энэ жил тус багаас Нацагдоржийн Батдорж, Баатарын Оюунмөнх нар аймгийн аварга малчин боллоо. Тэд 1997 онд ханилан сууж, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөхийн зэрэгцээ хоёр мянгат малчин болжээ.

Бага балчраасаа морь унаж, малд нүдтэй өсөж, бие даан мал малласан цагаасаа хойш Н.Батдорж мал аж ахуйн салбарт хэдийнээ 30 жил ажиллаж хөдөлмөрлөсөн байна. 30 жилийн зүтгэлээр энэ хэрд хүрч аймгийн аварга малчнаар шалгарна гэдэг малчины хөдөлмөрийн цараа төрх, он удаан жилийн уйгагүй хүчин зүтгэлийг илтгэнэ.

Аймгийн алдарт уяач Нацагдоржийн Батдоржийнх эцэг өвгөдөөсөө өвлүүлсэн хурдаараа алдартай. Богдын уяач Тасран, Тасрангийн хүү уяач Дандар, Дандарын хүү Алдарт уяач Нацагдорж гэхээр хэнтийнхэн андахгүй. Н.Батдорж 2015 онд “Аймгийн алдарт уяач” болсон төдийгүй эцгээсээ өвлөгдсөн цөм сүрэг “Нацаг” адууг өсгөн хурдлуулж байна.

Тэрбээр 2015 онд Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, 2017 онд “Сумын сайн малчин” болжээ. Эднийх энэ өвөл 2000 гаруй мал маллаж байна. Нийт малд хээлтэгчийн эзлэх хувь 49-54 хувь, ямаа 15 хувийг эзэлдэг байна. Н.Батдоржийнх 5 өрхөд 725 мал өгсөн бол үржилд 527 мал худалджээ. 2020 онд 1496 малаа даатгуулж, 165 тонн өвс бэлтгэсэн байна.

С.Ган-Эрдэнэ