БАЯНХУТАГ СУМЫН МАЛЧИН М.ЭРДЭНЭЦОЛМОН, О.УНДРАХ НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2021.02.05
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
XVII жарны өвлийн адаг Шарагчин үхэр сарын билгийн тооллын 23-ны өдөр буюу өнөөдрөөс /2021.02.05/ эхлэн хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн “Аймгийн аварга малчин өрх”-д шагнал гардуулах үйл ажиллагаа эхэллээ. Хэнтий аймаг 2017 оноос э...

XVII жарны өвлийн адаг Шарагчин үхэр сарын билгийн тооллын 23-ны өдөр буюу өнөөдрөөс /2021.02.05/ эхлэн хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн “Аймгийн аварга малчин өрх”-д шагнал гардуулах үйл ажиллагаа эхэллээ. Хэнтий аймаг 2017 оноос эхлэн Аварга малчдыг “Аварга малчин өрх”-өөр шалгаруулж эхэлсэн бөгөөд морилж буй “Хотол төгс” хэмээх хулгана жилийн амжилтаараа 38 өрх, аймгийн аварга малчин өрхөөр шалгарав. Ингэснээр өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэйн хамт хоюулаа аймгийн аварга малчин боллоо гэсэн үг. Аваргуудын үнэмлэх, энгэрийн тэмдэг, цом, дурсгалын зүйлсийг

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар бүсчилэн хуваагдаж малчны хотонд нь хүрч гардуулж байгаа бөгөөд сумын удирдлагууд мөн аваргууддаа хүндэтгэл үзүүлж байна.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдөр Баянхутаг сумын Жаргалант багийн Өвөр хөндийд хүрч хоёр мянгат малчин Мишагийн Эрдэнэцолмон, гэргий Очирбатын Ундрах нарт аварга малчны шагналыг гардууллаа. Гэр бүлийн сүүлийн 30 шахам жил тасралтгүй мал маллаж 2004 онд “Сумын сайн малчин”, 2007 онд “Мянгат малчин”, 2012 онд “Хоёр мянгат малчин” болсон байна.

Өрхийн тэргүүн М.Эрдэнэцолмон 1991 оноос хойш мал маллаж байгаа бөгөөд Галшарын их уяач Донойн Цэвэгмид алдарт Бөгөн хул азарганы угшилын адуу, "Казакын цагаан толгойт үүлдрийн бухаар үхрийн чанар, ашиг шимийг нэмэгдүүлсэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Илүү нугаламт үзэмчин үүлдрийн хуцаар тавьж хонин сүргээ чанаржуулж байгаа гэв. Одоо эднийх хоёр туслах малчинтай. Туслах малчнаар ажиллаж байсан хүргэн дүү О.Мөнхтөмөр нь мянгат малчин, 2020 онд сумын сайн малчин болжээ. Эднийх таван хошуу 2000 гаруй малтай.

Нийт малд хээлтэгчийн эзлэх хувь 49,8-55,7 хувьтай байна. 2020 онд 100 эхээс 100-108 хувиар төл бойжуулжээ. Тэрбээр 6 өрхийг 728 малаар малжуулсан бөгөөд 2036 малаа даатгуулж, энэ жил 165 тонн өвс бэлтгэжээ. Аварга малчиддаа сумын ИТХ, Засаг дарга Б.Амгаланбат нар хүндэтгэл үзүүлж, сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Б.Одхүү болон н.Соронзонболд, С.Ариунбилэг нарын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн ирүүлсэн бэлгийг гардуулан өглөө. Мөн аварга малчиддаа зориулж сумын соёлын төвийн уран бүтээлчид ая дуугаа өргөн барилаа.

С.Ган-Эрдэнэ