Мэдээ мэдээлэл
ТАНИЛЦ: АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРҮҮД /2020.12.14/
Өнөөдөр аймгийн онцгой комиссын 39 дүгээр хуралдаан болж хэд хэдэн шийдвэр гарлаа.Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн газар, Авто тээврийн төвөөс цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зорчигч тээврийг үйлчилгээг зохион байгуулах түр журмын хүрээнд Хэнтий аймагт 4588 хүн хүрэлцэн ирж гэрийн ажиглалтад байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагаас түүвэрчилсэн судалгаагаар оношлогоонд хамруулна гэдгийг аймгийн ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр мэдэгдлээ. Хэнтий аймаг өнгөрсөн хугацаанд 912 түргэвчилсэн оношлуур, 12 PCR шинжилгээгээр иргэдэд шинжилгээ хийсэн байна. Аймгийн нөөцөд 950 түргэвчилсэн оношлуур байгаа бөгөөд ЭМЯ-наас 5000 оношлуур хүссэн хүсэлтийн дагуу Нэгдсэн эмнэлгийн эмийн төсөвт нэг бүр нь 21500 төгрөгийн үнэтэй 5000 оношлуурын төсвийг шийдвэрлэсэн, захиалгаа хийж ирэх долоо хоногт татан авах аж. Үүнчлэн PCR оношлогооны аппаратыг тухайн үед нийлүүлэгдэнэ гэдгийг эх сурвалж мэдээлэв.Авто тээврийн үндэсний төвөөс Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг татан авах, орон нутагт гацсан иргэдийг Улаанбаатар хот руу 12 дугаар сарын 14-24-ний өдрүүдэд зорчуулах чиглэл ирүүлсэн байна. Тиймээс Улаанбаатарт байгаа иргэдийн судалгаа гаргах ажлыг аймгийн Авто тээврийн төвөөс зохион байгуулж, орон нутаг руу PCR шинжилгээний бичигтэй /автобус болон хувийн авто машинаар/ нэвтрүүлэх юм байна. Хэнтий аймагт байгаа иргэд бусад аймаг болон Улаанбаатар хот руу зорчихдоо харьяа газраасаа бичиг авч, авто тээврийн төвд асуумж бөглөснөөр нэг удаагийн зорчих хөдөлгөөн хийж болно гэж тус төвийн дарга Б.Ганбат мэдээллээ.Өнөөдөр Засгийн газрын шийдвэр, онцгой комиссын хуралдааныг үндэслэн Аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/570 дугаар захирамжаар дараах шийдвэрүүд гарлаа.1. Хэнтий аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, жагсаал цуглаан, хурим найр, спорт заал, соёл урлагийн арга хэмжээ, баар, цэнгээний газар, караоке, компьютер, биллиард тоглоомын газар, архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйл ажиллагааг /18 градус хүртэл этилийн спирт сул агууламжтай пиво, дарснаас бусад/ тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа. Ингэснээр 18 градус хүртэлх, шар айраг, дарсыг зөвшөөрсөн хэм хэмжээнд зарж борлуулж болно гэсэн үг.2. Үйлдвэр үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд эрүүл ахуй, халдвар хамгааллын /захирамжаас харна уу/ дэглэмийг мөрдөж ажиллахад баримтлах удирдамжийг хэрэгжүүлэн ажиллахыг байгууллага аж ахуйн нэгжүүдэд, удирдамжийг хүргүүлэн заавар зөвлөмжөөр ханган хяналт тавьж ажиллахыг ЭМГ-ын дарга Л.Мэндбаяр, МХГ-ын дарга Б.Сүнгээ, сумдын Засаг дарга нар даалгалаа.3. Төрийн байгууллагад болон аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхэлж байгаа 0-12 насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг ажлын онцлогийг харгалзан чөлөөлж, цалин хөлсийг ажилласанд тооцон олгохыг байгууллага, аж ахуйн нэгжийн дарга удирдлагуудад үүрэг болгов.4. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон нутгийн захиргааны байгууллага, худалдааны төв, хүнс барааны дэлгүүрийн ажлын цагийг хэвийн горимд шилжүүллээ.5. Цахилгаан эрчим хүчний 1, 2 дугаар зэрэглэлийн хэрэглэгчид нөөц эх үүсвэр /генератор/-ийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж байгууллага нь цахилгаан байгууламжийн дүрэм, норм стандартыг мөрдөж, цахилгаан хуваарилах самбар, дамжуулах шугам, техник тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллахыг БЗӨБЦТС ТӨК-ийн харьяа Хэнтий ЦТСС, МХГ, ОБГ-ын удирдлагуудад үүрэг болголоо.6. Цаг агаарын аюулт үзэгдэл, хэт хүйтрэлттэй холбогдуулан 5-7 хоногийн нүүрсний нөөцийг бүрдүүлж, уурын зуухны бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга нар үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Шуурхай штабын дарга, дэд хурандаа Ж.Эрдэнэбат нарт даалгалаа.
Хэнтий аймгийн ЗДТГ