Мэдээ мэдээлэл
Хэнтий аймгийн ясли, Хэрлэн нэгдүгээр цэцэрлэгийг засварлаж өргөтгөл хийхээр боллоо
Өнөөдөр үдээс хойш Хэнтий аймгийн 18-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр, Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Чингис хотын захирагч Б.Энх-Эрдэнэ нарын албаны төлөөллүүд Хэрлэн нэгдүгээр цэцэрлэг, аймгийн Яслийн үйл ажиллагаа, барилгын нөхцөл байдалтай танилцлаа.
Уг байгууллагын төлөөллүүд өнөөдөр МУ-ын Ерөнхий сайд иргэдтэй хөдөлмөрчидтэй уулзалт хийх үеэр, барилгын засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгааг уламжилсан юм. Тиймээс холбогдох албаныхан газар дээр нь очиж танилцаж, цэцэрлэг, яслийн эрхлэгч, ажилчидтай уулзлаа. Улмаар талууд зөвшилцөж, Хэнтий аймгийн түүхэн дурсгалт барилга болох учир ирэх онд шаардлагатай засвар үйлчилгээ, өргөтгөлийн зураг төсвийг гаргаж, 2022 онд гүйцэтгэхээр боллоо.