Ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2020.09.30
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн удирдлагуудын хүсэлтийн дагуу Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” /ЭТИС/ хөтөлбөрийг Хэнтий аймагт 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөр нь уул...

Аймгийн удирдлагуудын хүсэлтийн дагуу Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ээс “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” /ЭТИС/ хөтөлбөрийг Хэнтий аймагт 3 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ.

Тус хөтөлбөр нь уул уухай, газар тариалан, аялал жуулчлалын салбаруудыг түшиглэн ЖДҮ эрхлэгчдэд ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуунаар ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй “Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөл” байгуулагдсан бөгөөд тус зөвлөлийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх” 2 өдрийн сургалтыг өнөөдрөөс Чингис хотод зохион байгуулж байна.

Уг хөтөлбөр нь 10 аймагт хэрэгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Бизнес хөгжлийн төв” байгуулж 300 мянган еврогийн сантай “Инновацийн сан”-аас 21 төслийг бүрэн санхүүжүүлж бизнесийг нь дэмжсэн байна. Мөн Өмнөговь аймагт 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлжээ. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт 90 мянга, ХАА, ногоон технологийг дэмжиж 150 мянга, ЖДҮ-ийг дэмжиж 120 мянган еврогийн санхүүжилтийг олгосон байна. Эдгээр санхүүжилт нь буцалтгүй гэдгээрээ бусад олон улсын хөтөлбөрөөс онцлог юм.

Манай аймгийн хувьд эхний ээлжинд хог хаягдлын менежментийг боловсруулах хүсэлт тавьсан бөгөөд энэ чиглэлийн сургалтуудыг зохион байгуулахаар болсон байна. Сургалтад хамрагдсаны дараа төслөө боловсруулж аймгийн ИТХ-аар батлуулснаар аймгийн Хог хаягдлыг цогц төлөвлөгөөтэй болох юм. Мөн Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс нутаг болсонтой холбогдуулан аялал жуулчлалын хөтөлбөрийг боловсруулахаар тус тус төлөвлөжээ.

Эдгээр хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэл байгуулагдсанаар орон нутагт ажлын байр бий болох, ЖДҮ эрхлэгчид шинэ боломжууд нээгдэнэ гэж үзэж байгаа аж.