Аймгийн Засаг дарга бизнес эрхлэгчидтэй уулзлаа

2020.09.01
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ
Өнөөдөр аймгийн Засаг дарга Хэрлэн сумын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчидтэй уулзлаа. Уулзалтад  салбар салбарын 70 шахам бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдэнд Аймгийн ОБГ-аас  Корона виурс...

Өнөөдөр аймгийн Засаг дарга Хэрлэн сумын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчидтэй уулзлаа. Уулзалтад  салбар салбарын 70 шахам бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдэнд Аймгийн ОБГ-аас  Корона виурстэй холбоотой зөвлөмж хүргэлээ. Үргэлжлүүлээд, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээлэл хийж өнгөрсөн хавар бизнес эрхлэгчидтэй байгуулсан санамж бичиг, түүний гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт өглөө.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нэн тэргүүнд Хэнтий аймгийн төсвийн орлого өнөөдрийн байдлаар 1,3 тэрбум төгрөгөөр давж биелээд байна. Энэ бол бизнес эрхлэгчид та бүхний  хөдөлмөр, хүчин зүтгэлийн илэрхийлэл хэмээж, талархал дэвшүүллээ.

Тэрбээр Хэнтий аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойших ажлаа товч танилцуулж, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуултад хариулж, шийдвэрлэвэл зохих асуудлыг тэмдэглэн авч, судалж үзэхээр боллоо. Бизнес эрхлэгчдээс ИНБ-уудын сүлжээг байртай болгох, ААН, жижиг дунд үйлдвэрүүд халаалтад хөнгөлөлт эдлэх, Чингис хотоос мал аж ахуй эрхлэгчдийг гаргах, Ногоочдын тогны асуудал, мэдлэгээ тэлэх сургалт авах, 200 тоннын багтаамжтай зоорийн асуудал, Төсөл арга хэмжээ, салбарын мэдээллийн урсгалыг сайжруулах гэх мэтчилэн арав гаруй асуудал дэвшүүллээ. Мөн үеэр аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимд өрөө шийдвэрлэн өгч буйг Засаг дарга мэдэгдэв.

Бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтыг цаашид үе шаттайгаар зохион байгуулах, мэдээллээ тогтмол солилцох, гаргасан санал, дэвшүүлсэн асуудлыг ажил хэрэг болгох талаар талууд зөвшилцөж, уулзалт өндөрлөлөө.

Ташрамд дуулгахад, Хэнтий аймагт Ахуйн үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт 400 орчим иргэн, ААН бий бол 136 хоршоотой аж. Харин 312 иргэн, ААН жижиг, дунд үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулж 1000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг уулзалтын үеэр мэргэжлийн байгууллага мэдээллээ. 2019 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих дэд санд 1 тэрбум төгрөг хуваарилагдаж 13 төсөлд 730 сая төгрөг, 2020 онд 8 төсөл шалгарч 912 сая төгрөгийн хүсэлт гаргасан байна. 2011-2020 онд сумдын Сум хөгжүүлэх сангаас 1126 төсөлд 9,4 тэрбум төгрөгийн зээл олгосноос 2020 оны хагас жилийн байдлаар 5,8 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн бөгөөд 3,6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн үлдэгдэл байгаа бөгөөд аймгийн хэмжээнд зээлийн эргэн төлөлт 61 хувьтай үргэлжилж байгааг эх сурвалж дуулгав.