Мэдээ мэдээлэл
Ус зайлуулах түр цөөрөм гаргана
УС ЗАЙЛУУЛАХ ТҮР ЦӨӨРӨМ ГАРГАНА
Өчигдөр орсон усархаг аадар борооноос үүдэн Хэрлэн сумын нийт нутгийн 80 хувь нь усанд автаж, 149 айл өрх, 15 ААН байгууллага, 9 орон сууцны подвал усанд автаж, 7 автомашин шаварт суусан мэдээтэй байна.
Тиймээс өчигдөр аймгийн Онцгой комисс хуралдаж айл өрх, ААН байгууллагын усыг соруулах ажлыг зохион байгуулж, 180 хүний хорогдох байр бэлдэж, үүнд 26 иргэнийг байрлуулаад байна.
Эдгээр ажилд 124 албан хаагч, 14 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ч усны хэмжээ их байгаа тул усыг хангалттай зайлуулж чадахгүй байгаа юм.
Тиймээс өнөөдөр 11 цагт аймгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудтай хуралдаж, мэдээлэл солилцож, үүрэг чиглэл өглөө.
Үүнд Усны түвшин их байгаа газруудад шингээч худаг бүхий түр цөөрмүүд гаргахаар шийдвэрлэж, шаардлагатай цэгүүдийн зураглал гаргахыг ГХБХБГ, ОБГ, Харгуй, Хэнтий ус ХХК-д
Үерийн улмаас зам талбай эвдэрч гэмтсэн тул автомашины аюулгүй байдлыг хангах, шаардлагатай газруудад тэмдэг тэмдэглэгээ байршуулахыг Цагдаагийн газар, Харгуй компанид
Айл өрх, албан байгууллагын цахилгааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбарт,
Ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулахыг Зооноз өвчин судлалын төвд,
Үерт өртсөн айл өрхийн талаар судалгаа гаргах, тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулахыг Хэрлэн сумын ЗДТГ-т
ААН, иргэдийг дайчлах, хүн хүчээр хангах ажлыг зохион байгуулахыг АЗДТГ-т
Эдгээр ажлуудад шаардлагатай хөрөнгийн судалгааг гаргаж, зөвлөлийн хуралд танилцуулахыг Санхүү төрийн сангийн хэлтэсд тус тус даалгалаа.
УЦУОШТөвөөс мэдээлж байгаагаар 6 сарын 25, 26-ны өдрүүдэд бороотой, 27, 28-ны өдрүүдэд нар гарч, 30 градусаас дээш халах бөгөөд 29-нд дахин бороо орох прогнозтой байна.