Мэдээ мэдээлэл
Хэнтий аймагт 14 дэх цэцэрлэг баригдаж байна
Сүүлийн 3 жилийн байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд 13 цэцэрлэг баригдаж эхнээсээ ашиглалтад орж байгаа бол өнөөдөр 14 дэх цэцэрлэг буюу Хэрлэн сумын 8 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, урлаг заалны барилгын шав тавилаа.
Тус барилга нь Улсын төсвийн 660 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 2 давхар барилга бөгөөд “Монголиан голден бридж интернэйшнл” ХХК гүйцэтгэгчээр шалгарч энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Ингэснээр тус цэцэрлэгт 50 хүүхдийн суудалтай 2 анги шинээр нэмэгдэж байгаагаас гадна стандартын урлаг заалтай болж байгаагаараа онцлогтой.
Анх 8 дугаар цэцэрлэгийн барилгыг аймгийн Засаг дарга Н.Ганбямба УИХ-ын гишүүн байх үедээ хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэж, шинээр бариулж байсан бол ийнхүү өргөтгөлийн барилгыг мөн бариулж эхэллээ. Эдгээр 14 цэцэрлэгүүд ашиглалтад орсноор Хэнтий аймгийн хэмжээнд цэцэрлэгийн суудлын тоо 820-оор нэмэгдэж, СӨБ-ийн хамрагдалт 99,0 хувь хүрнэ.