Мэдээ мэдээлэл
"Хэнтийн аймгийн Явган Алхалтын Холбоо" бол хамгийн идэвхтэй үйл ажиллагаатай салбар байгууллага юм
Монголын Явган Алхалтын Холбооны Ерөнхийлөгч Б.БОЛОР-ЭРДЭНЭ:
khentii.MN мэдээллийн сайтынхаа энэ удаагийн ярилцлагын зочноор “Монголын Явган алхалтын холбоо” (Mongolian Walking Association)-ны Ерөнхийлөгч Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ-тэй ярилцлага хийлээ. Тус холбоо нь явган алхалтаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих мөн алхалтаар дамжуулан өөр хоорондоо нөхөрлөх, олон улсын алхалтын хөтөлбөрүүдээр дамжуулан нөхөрлөлийн хил хязгаараа тэлэх, байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах, хамгаалах зэрэг олон боломжуудыг олгодог юм.
Сүүлийн үед явган алхалт дэлхий нийтийн чиг хандлага болж, манай улсад ч нэгэн адил хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, ажил мэргэжил үл хамааран хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтайгаар эрүүл мэндээ хамгаалах, ялангуяа Монголчуудын нас баралтын хамгийн түгээмэл шалтгаан болох зүрх судас, хавдарын эсрэг хамгийн үр дүнтэй тэмцэх арга бол “Явган алхалт” юм гэдгийг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
- Сайн байна уу? “Монголын Явган алхалтын холбоо”- оор ойрд ямар сонинтой байна вэ? Саяхан Солонгосын явган алхалтын холбоотой хамтарсан алхалт хийсэн гэж байсан. Энэ тухай аялалын сонин сайхнаар яриагаа эхлүүлье.
- Сайн байна уу? Тиймээ, манай холбоо 2019 онд Өмнөд Солонгосын алхагч нартай хамтарсан 5 удаагийн үйл ажиллагаанд оролцсон. 2020 он гараад 1-р сарын сүүлээр мөн Солонгосын хамгийн өмнөд хэсгийн Ёосу хойгт алхалт хийсэн. Харин 2-р сард төлөвлөгдсөн Чэжүгийн 250 км-ийн алхалт корона вирусын тархалтын улмаас цуцлагдсан тул бид оролцож чадалгүй буцсан. Сүүлийн үед оролцсон алхалтуудын хувьд өнгөрсөн 5-р сард БНСУ-ын нийслэл Сөүл хотод 3 өдрийн алхалтын хөтөлбөрт оролцсон бөгөөд эхний өдөр нь Сөүл хотын иргэдийн төлөөлөл болсон 15 мянга гаруй иргэд оролцсон “Хамтдаа нэгэн сэтгэлээр” уриан дор зохион байгуулагдсан нийгмийн алхалтын фестивалийн онцолмоор байна.
Харин дараагийн өдөр нь Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл татам далайн эрэг гэж алдаршсан Квандугын хэсгийн хоёр Солонгосын хилийн зурваст байрлах Номхон далайн цэнгэг уст эргийн маршрутаар алхалтыг хийсэн юм. Энэ алхалтанд Хэнтий аймгийн алхагчид хамгийн идэвхтэй оролцсон юм.
Харин 10-р сарын алхалт бол Вонжугын олон улсын зэрэглэлийн алхалт байлаа. Энэ алхалтанд дэлхийн 22 улсын алхагч нар оролцсон маш сонирхолтой хөтөлбөр болсон. Манай алхагчид амжилттай оролцож, 2 өдөрт нийт 40км-ийн алхалт хийж, “Хүрэл” медаль хүртсэн. Ер нь зөвхөн солонгос гэхгүйгээр манай холбооны гишүүд холбооны гадаад харилцааны дэмжлэгтэйгээр дэлхийн маш олон оронд алхалтын хөтөлбөрүүдэд оролцох, олон улсын цол, зэрэглэл авах боломжууд нь нээлттэй байдаг. Тус алхалтыг манай холбооны анхны гадаад улс дахь салбар болох “БНСУ дахь Монголын явган алхалтын холбоо” амжилттай зохион байгуулсан. Тус салбар холбооны үүсгэн байгуулагчид нь Хэнтий аймгийн гаралтай иргэд байдаг.
Дараа дараачийн төлөвлөгөөт олон улсын алхалтууд маань COVID-19 вирусын тархалтын улмаас Израйль, Орос, Япон, Дани, Герман, Нидерланд, Индонез г.м нэлээд алхалтууд цуцлагдсан. Мэдээж энэ цар тахлыг дэлхийн улс орнууд хохирол багатай даван гарах нь хамгийн чухал зорилт шүү дээ. Ирэх жилүүдэд дэлхийн олон оронд маш сонирхолтой, адал явдалт алхалтын хөтөлбөрүүдэд манай холбооны гишүүд хамрагдах болно.
- “Хэнтий аймгийн явган алхалтын холбоо” хэзээ байгуулагдсан бэ? Ямар үйл ажиллагааг зохион байгуулж байгаа вэ?
Манай “Хэнтий аймгийн Явган алхалтын холбоо” нь 2019 оны 10 дугаар сард албан ёсоор үүсгэн байгуулагдаж нээлтийн алхалтаа амжилттай зохион байгуулсан. Манай салбар байгууллагын нээлтийн алхалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэн, хамтдаа алхсан Аймгийн удирдлагууд, тэр дундаа Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Хэрлэн сумын тамгын газрын дарга Г.Болд болон бусад удирдлагууд, аймгийн эрүүл мэндийн газар, холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, нийт алхагч нартаа халуун талархал илэрхийлье.
Тус нээлтийн алхалт маань аймгийн төвөөс Хэрлэн гол хүртэл 7 км-ын алхалт байсан бөгөөд 700 орчим алхагчид үзэл санаагаа нэгтгэсэн томоохон үйл ажиллагаа болсон юм. Нээлтийн алхалтаас хойш 7 хоног тутам алхалтын хөтөлбөрүүдийг зохион байгуулж, энэ үеэрээ тодорхой хандивуудыг цуглуулан амьдралын боломж тааруу, зорилтот бүлгийн хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг бэлэглэх гэх мэтээр нийгмийн хариуцлагатай, тодорхой зорилготой алхалтуудыг амжилттай зохион байгуулж ирсэн.
Манай холбооны хамгийн үлгэр жишээ салбар байгууллага бол яах аргагүй “Хэнтий аймгийн явган алхалтын холбоо” юм. Тус салбар байгууллагаас үлгэр жишээ авч Өмнөговь, Сэлэнгэ зэрэг дараа дараачийн салбар байгууллагууд үйл ажиллагаа төлөвлөн явуулж байна. Мөн БНСУ-ын Чэжү явган алхалтын холбоотой хамтын ажиллагаа тогтоож, анхны гадаад найрамдалт харилцаа тогтоосон салбар байгууллага болохоор бэлтгэж байна. Ингэснээр манай Хэнтий аймгийн явган алхалтын холбооны гишүүд БНСУ-д аялж, алхалтын хөтөлбөрүүдэд оролцох, мөн Солонгосын алхагчдыг Хэнтий аймагт урьж, хамтарсан алхалт хийх зэргээр аймгийн аялал жуулчлалын салбарт шинэ төрлийг хөгжүүлэх боломж бүрдэх юм.
- Өмнөд Солонгост явган алхалтын зам, дэд бүтэц, орчин нөхцөл нь хэр бүрдсэн байдаг юм бол оо? Манай улсад явган алхалт хийх боломж хэр бүрдсэн байдаг вэ?
- Солонгосын жишээн дээр ярихад тэнд явган алхалт үнэхээр бүх нийтийн эрүүл мэндийг дэмжсэн маш чухал арга хэмжээ, гэр бүл, хамт олны хэмжээнд олон нийтийн хөдөлгөөн болжээ. Төрийн байгууллагын дэмжлэг ч их байдаг юм байна. Явган алхалтыг шинжлэх ухааны түвшинд судалж, иргэдээ алхалтанд уриалж, алхалтыг дэмжсэн дэд бүтэц, орчныг бүрдүүлж, стандартыг сайтар хангажээ.
Тухайлбал, алхалтын зам, амрах хэсэг, суух сандал, уух ус, 00-ын асуудлыг бүрэн шийдэж, зургаа даруулах талбай, алхалтын маршрутыг харуулсан газрын зураг, мэдээлэл тайлбар, самбар зэргийг байршуулсан байдлаараа ялгарч байна лээ. Энэ боломж дээрээ түшиглэн эко-аялал жуулчлалын чухал контент болгон хөгжүүлж чадсан байна.
Бид сүүлийн жилүүдэд маш идэвхтэй алхаж байна, амралтын өдрүүдэд нийслэл хотын иргэд ялангуяа алхах сонирхол их болжээ. Мэдээж анхлан алхаж байгаа хүмүүсийн хувьд алхалтын зам, маршрут, чиглэлийн талаарх мэдээлэл дутмаг байна гэсэн асуудал их байгаа. Явган алхалтын мэргэжлийн байгууллагын хувьд манай холбоо энэ тал дээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн болон бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллах шаардлага бий.
- Түрүүн та яриандаа “Нийгмийн алхалт” гэж ярьж байсан, энэ ямар учиртай вэ?
- Алхалт бол зөвхөн байгальд хийгддэг, өөрийн бие физологийн үйл ажиллагааг дэмждэг үйлдэл биш гэсэн санаа. Бид жил бүр автомашингүй өдрөөр гэр бүлээрээ хамтдаа гарч алхцгаадаг. Энэ үйлдэлээр хотын иргэд илүү ойр дотно, нөхөрсөг, найрсаг соёлыг бүтээж чаддаг. Автомашиныг алхалтаар орлуулья гэсэн үзэл санааг түгээн сурталчилсан алхалт хийж болно. Бид ойрхон зайнд машин унах нь эдийн засагт, экологит, биеийн эрүүл мэндэд ч тэр эерэг нөлөө багатай. Мөн хандив цуглуулах, тодорхой үзэл санааг илэрхийлэх, олныг эерэг зүйлд уриалсан агуулгатай алхалтууд ч бий. Өмнө нь дурдсан Сөүл хотын удирдлагуудын “Нэг зүрх сэтгэлээр” уриан дор найрсаг хотыг бий болгох санаачилга дор нэгдэн алхалт бол нийгмийн алхалт юм.
- Явган алхалт эрүүл мэнд талаас ямар үр өгөөжтэй вэ?
- XXI зууны өвчин хэмээн нэрлэгдэж буй хөдөлгөөний дутагдал нь маш олон төрлийн өвчин, эмгэгийн үндэс нь болж байна. Тухайлбал, таргалалт, түүнээс улбаатай өвчнүүд, нуруу нугас, тулгуур эрхтний доройтол, зүрх судас, цусны эргэлт, дотор, мэдрэлийн гээд хүний биеийн бүхий л хэсгийн эрүүл мэндийг хамруулан ойлгож болохоор байна. Гэтэл бид маш бага зардалаар, их цаг гаргалгүйгээр алхалт хийх замаар уг XXI зууны өвчнөөс сэргийлэх боломжтой юм. Таны хоёр хөл бол хамгийн шилдэг эмч юм шүү. Энэ агуулгаар Солонгосын явган алхалтын холбооны ерөнхийлөгч, доктор Канг Ок Ли-г урьж МУИС-д лекц зохион байгуулж байлаа. Олон орны томоохон бизнесийн байгууллагууд ажилчидаа эрүүл байлгах нь илүү өндөр ашиг олох боломж гэж үзэж байна. Тиймдээ ч алхалт нь эрүүл мэндийн зардлыг бууруулж байна. Мөн ажилчид эрүүл байснаар тухайн байгууллагын бүтээмж өндөр байх үндэс нь болж байна гээд дурдаад байвал олон давуу талтай.
- “Хэнтий аймгийн Явган алхалтын холбоо”-ны гишүүн яаж болох вэ? Ямар давуу талтай вэ?
Зөвхөн Хэнтий аймагт бус Монгол улсын нийт 21 аймаг, 9 дүүрэг төдийгүй хилийн чанадад байгуулагдсан БНСУ, БНХАУ, АНУ дахь салбар байгууллагуудаар дамжин хэн бүхэнд гишүүн болох эрх нь нээлттэй байдаг. Монгол улсад алхалтыг сурталчилах, алхалтын олон төрлүүдийг шинээр хөгжүүлэх зорилгын үүднээс гишүүдээ яаж илүү их дэмжих вэ? Яаж илүү их боломж олгох вэ гэдэг дээр бид их анхаарч байна. Жишээлбэл, гишүүд болон сонирхогчдыг дэмжсэн www.walking.mn веб платформыг хөгжүүлээд бараг дуусч байна. Ингэснээр гишүүнээр элсэх, алхалтын хөтөлбөрт бүртгүүлэх, алхалтын зайгаа бүртгэлжүүлэх, гишүүнчлэлийн зэрэглэл, төлөв байдлаа харах гэх мэт олон боломжуудыг бүрдүүлсэн механизмыг бий болгосон байгаа. Гишүүд албан ёсны алхалтын үйл ажиллагаанд алхсан зайгаа бүртгүүлж явсаар 99 км болсон бол “Bronze” буюу “Хүрэл” гишүүний болзол хангаж, гадаад улсад алхах эрхээ нээх, улмаар үргэлжлүүлэн “км” цуглуулах зарчмаар шинэ шинэ боломжуудыг хүртэх гээд сонирхолтой, уян хатан зохицуулалтууд хийгдсэн. Спортын зэрэг, цолонд хүрэх зэрэг боломж та бүхний өмнө нээлттэй байна шүү.
- Ойрын хугацаанд ямар алхалтууд хийгдэх вэ?
- Монгол алхагчид бид дэлхийн өнцөг булан бүрт хүрч, байгал дэлхий, хотуудад очиж алхалт хийх зорилготой. Энэ боломжийг манай холбоо гадаад харилцаа талдаа идэвхтэй анхаарч, дэлхийн 40 орчим улсад алхалтын хөтөлбөр зохион байгуулах, хамтран алхах нөхцлийг бүрдүүлж чадсан. Мөн Солонгосын Явган Алхалтын Холбоотой стратегийн найрамдалт харилцаа үүсгэх санамж бичгийг өнгөрсөн 7-р сард Монгол улсад зурж байсан бол, Японы Явган алхалтын холбоотой санамж бичиг зурах ажил ирэх 5-р сард төлөвлөгдсөн байна. Мөн Монгол улсдаа 7 хоног бүр хэд хэдэн байршилд нэгэн зэрэг алхалтууд зохион байгуулдаг уламжлал тогтсон байна. Одоогоор корона вирусын хөл хорионы улмаас алхалтын хөтөлбөрүүд маань цуцлагдсан тул илүүтэй дотоод үйл ажиллагаа, гадаад харилцааны чиглэлдээ анхаарч байна.
- “Монголын Явган алхалтын холбоо”-ны төлөвлөсөн бусад ажлуудын талаар таныг танилцуулахыг хүсч байна.
- Үндсэн үйл ажиллагаа бол явган алхалтыг бүх нийтийн эрүүл мэндийн хөдөлгөөн болгож хөгжүүлэх, Монголчуудыгаа эрүүл, чийрэг, урт наслуулахад чухал хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Мөн одоогоор Монгол улсад төдий л хөгжөөгүй байгаа алхалтын олон төрлүүд байна. Жишээлбэл, нордик алхалт, фитнесс алхалт, треккинг гэх мэт төрлүүдийг хөгжүүлэх, мэргэжлийн багш, дасгалжуулагч нарыг бэлтгэх, явган алхалтыг мэргэжлийн түвшинд судлах, эрдэм шинжилгээний ажлуудыг гүйцэтгэх, аялал жуулчлалын шинэ контентийн түвшинд гаргаж ирж, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулах гээд нэлээд зорилтууд бидний өмнө бий.
- “Монголын Явган алхалтын холбоо”-ны талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?
- Манай веб сайтанд хандвал илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Манай www.Walking.mn гэж хаягаар хандаж мэдээлэл авч болно.
- Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.
- Баярлалаа, танай хамт олонд ажлын амжилт хүсье.