Шуурхай штаб хуралдаж гамшгаас хамгаалах мэргэжлийн албадуудыг ажиллуулахаар боллоо

2020.04.14
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын бүрэлдэхүүн хуралдаж, хэд хэдэн асуудлаар хэлэлцэж шийдвэр гаргалаа. Хурлын эхэнд Гамшгаас хамгаалах орон тооны бус албад, Мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулсан захирамжи...

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын бүрэлдэхүүн хуралдаж, хэд хэдэн асуудлаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Хурлын эхэнд Гамшгаас хамгаалах орон тооны бус албад, Мэргэжлийн ангийг шинэчлэн байгуулсан захирамжийг танилцуулж, Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, нөхцөл байдал хүнд байгаа учраас орон тооны бус албадыг ажиллуулах шаардлага тулгарч буйг танилцууллаа.

Тиймээс Эрүүл мэндийн алба, Түлш эрчим хүчний алба, Хэв журам сахиулах алба, Сурталчилгааны алба, Мэдээлэл, харилцаа холбооны алба, Зам тээврийн алба, Байгалийн болон химийн аюулыг үнэлж, мэдээлэх алба, Барилга хот байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын алба, Хүн ам, нийгмийн хамгааллын алба зэрэг 11 албадын бүрэлдэхүүн үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэсэн үг.

Үүнчлэн Онцгой байдлын газраас явуулсан эрсдэлийн үнэлгээг тодорхойлох судалгааны талаар хурлын бүрэлдэхүүн хэлэлцэв. Манай аймаг дөрөвдүгээр сарын зургаанд гаргасан эрсдэлийн үнэлгээг тодорхойлох судалгаагаар “дунд эрсдэл”-ийн зэрэгтэй байгааг Аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар танилцуулж, 22 асуумжаар үнэлгээ хийхэд 7 асуудал дээр эрсдэлтэй гарсан, тиймээс Шуурхай штаб, холбогдох мэргэжлийн албадуудыг энэ чиглэлээр зохион байгуулалтад оруулж, ажиллуулах саналтай байгаагаа уламжиллаа.

Тухайлбал, Аймгийн хэмжээнд эмнэлгийн тусламжийн шаардлагатай тоног төхөөрөмж хангалтгүй, Хамгаалах хувцас, өмсгөлийн нөөц хангалтгүй, Олон нийтийн анхаарлыг татаж түгшүүр төрүүлэх эрсдэлтэй, Халдвар гарсан тохиолдолд хариу арга хэмжээ, нэмэлт хүч хэрэгсэл тусламж шаардлагатай, Нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх магадлалтай, Хүрээлэн байгаа орчинд эрсдэл үүсэх магадлал өндөр, Иргэдийн мэдлэг, хандлага хангалтгүй байгааг сонордуулж, Мэргэжлийн албадын тусламжтайгаар үүссэн эрсдэлийг арилгуулах арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байгааг онцоллоо. Ингэхдээ эрсдэлт нөхцөл байдалтай уялдсан төлөвлөлт хийж, шаардагдах зардал, техник хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээллүүддээ нэгтгэж, аймгийн Онцгой комиссын хурлаар оруулж, зохих арга хэмжээ аваарай гэв. Мөн тэрбээр, зөвхөн улсын Онцгой комиссын шийдвэрийг хараад суувал орон нутгийн зарим асуудал шийдэгдэхгүй байгааг чухалчлав.

Хурлын төгсгөлд Шуурхай штабын бүрэлдэхүүн мэдээллээ нэг сувагчлалаар ард иргэд, олон нийтэд хүргэхээр зөвшилцөж, мэдээллээ өдөр бүр тодорхой цагт шууд дамжуулалтаар хүргэж байхаар шийдвэрлэлээ. Шинэ төрлийн Коронавирусын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Онцгой комисс 14 удаа хуралдаж, 58 асуудлыг шийдвэрлээд байна. Өнөөдрийн байдлаар Ариутгал, халдваргүйтгэлийн ажил аймаг даяар өрнөж байна. Мөн “Эрсдэлгүй амьдрал”, “Маскаа зүүе” зэрэг аянууд удирдамжийн дагуу хэрэгжиж эхлээд байгаа талаар холбогдох албан тушаалтнууд мэдэгдлээ.