Мэдээ мэдээлэл
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд автомашин, нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ИТХ-ын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун нар Хэрлэн сумын ачаалал ихтэй ажилладаг “Оюуны шим”, “Хэрлэн дом” өрхийн эрүүл мэндийн төв, Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн дуудлагын автомашин, аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
2014 онд үйлдвэрлэгдсэн /Toyota Succeed/ тус автомашинуудыг Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр тус бүрийг нь 15 саяар Адрага-Ойл ХХК нийлүүлж байгаа бөгөөд ӨЭМТ-үүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой авто машины гэдгийг эрүүл мэндийн төвийн эмч нар дурдлаа.
Харин аймгийн Засаг дарга Н.Ганбямба аймгийн Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмж, автомашиныг шат дараатайгаар шийдвэрлэж байгааг онцлоод, “-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед эмч нар бэлэн байх ёстой” гэлээ.
Аймгийн Онцгой комиссд иргэд, ААН, албан байгууллагууд тасралтгүй мөнгөн болон эд материалын хандив тусламж ирүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 28 сая төгрөг цугларчээ. Тэгвэл данснаасаа 5 сая төгрөгийг зарцуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хяналтын монитор, сорох аппарат зэргийг гардуулан өглөө. Хүн амын төвлөрөл ихтэй Хэрлэн сумын төвийн багуудын иргэдэд анхан шатны тусламж үзүүлдэг “Хэрлэн дом”, “Оюуны шим” эрүүл мэндийн төвүүд нь 1, 2, 4, 5 дугаар багийн 10 гаруй мянган иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн эмч нар автомашин нэмэгдүүлж, хуучирч муудсан авто машинаа шинэчилж байгаад талархаж, хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ шуурхай хүргэхэд бодит хувь нэмэр болсныг дуулгав. Бор-Өндөр сумын “Цэгцүүлэн дом” ӨЭМТ-ийн төлөөллүүд маргааш машинаа гардан авах юм байна.