Мэдээ мэдээлэл
Аймгийн онцгой комиссын шийдвэрүүд гарлаа
Өнөөдөр аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргалаа. Хуралд аймгийн Онцгой комиссын 31 гишүүнээс 28 гишүүн хүрэлцэн ирж, сумдын удирдлагууд, онцгой комиссын гишүүд цахимаар хуралд оролцлоо.
Хурлын эхэнд Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, ЗӨСТ, Авто тээврийн төвөөс товч мэдээлэв.
Хурлаар Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “08” дугаар хурлын тэмдэглэл, Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн 03 дугаар тогтоол “Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх, зарим хязгаарлалтын арга хэмжээ авах тухай”, Хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар, зорчих хуудас авч сум орон нутгаас орж гарсан тээврийн хэрэгсэл, зорчигчдын бүртгэл, мэдээлэл, Зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээх зарим хязгаарлалтын арга хэмжээ авах, аймгийн онцгой комиссд иргэд, албан байгууллага, ААН-үүдийн ирүүлсэн хандив тусламж, Засгийн газар, УОК-т хандив хүргүүлэх санаачилгын талаар хэлэлцлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ГЭРЭЛМАА: АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД 191 ХҮН ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал дэлхий дахинд /2019-12.31-2020.03.01-ний 12 цагийн байдлаар Дэлхий нийтэд халдвар бүртгэгдсэн 58 улс орон, халдвар авсан тохиолдлын тоо 87003, нас баралт 2977, эдгэрсэн 42134 тохиолдол байна. Монгол улсад Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй.
Монгол улсын хэмжээнд Шинэ коронавирусийн халдвар гарсан улс орноор зорчсон халуурсан ханиалгасан өгүүлэмжтэй 305 хүнд ажиглалт, тусгаарлалт, нарийвчилсан тандалт судалгаа, вирус судлалын шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр /COVID-19/ илрээгүй. ХӨСҮТ-ийн томуугийн вируслогийн лабораторид томуу, томуу төст өвчний тандалтын 20 сорьц ирүүлснээс 13 хүнээс А (H3N2) илэрсэн. Улсын хэмжээнд амбулаториор томуу, томуу төст өвчин 8 дугаар долоо хоногийн байдлаар 5,3 хуьтай байгааг Ц.Гэрэлмаа дуулгалаа.
Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудад насанд хүрэгчид 144, хүүхэд 47, жирэмсэн эмэгтэй 15, нийт 191 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Харин анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдал 85 хувьтай хангагдсан аж.
Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин 8 дугаар долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгт-5.8 хувь, түргэн тусламжийн дуудлага-15.3 хувьтай байгаа бөгөөд өмнөх долоо хоногоос буурсан үзүүлэлттэй байгаа аж. Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын цочмог хурц халдвартай нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР: ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХУГАЦААНД ХОРИО ЦЭЭР, ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙГ ЗӨРЧСӨН 18 ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
БОР-ӨНДӨР СУМАНД НЭГ ЦАХИМ ТОГЛООМЫН ГАЗАР, ХЭРЛЭН СУМАНД ХУУЛЬ БУСААР ГАР ДЭЭРЭЭС СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ХОЁР ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЖ, ШАЛГАЖ БАЙНА
Хэнтий аймгийн Цагдаагийн газар Аймгийн засаг даргын энэ оны а/104 дүгээр захирамжийн дагуу сумдын нутаг дэвсгэрт 33 пост, 57 хяналтын цэгийг нэмэгдлээр байгуулж, цагдаагийн газраас 66, /онцгой байдлын газрын 16, бусад 255/ нийт 337 төрийн албан хаагч, 123 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Харин Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байнгын 2, хөдөлгөөнт 9, нийт 11 постод Цагдаагийн газар 15, /ОБГ 5, ЗӨСТ 3, Хэрлэн сумын ЗДТГ 2, Авто тээврийн төв 1, ШШГГ 1/ нийт 12 төрийн байгууллагын албан хаагч, 11 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын энэ оны а/104 дүгээр захирамжийн дагуу Чингис хот болон сумдын нутаг дэвсгэрийг бүсчлэн хааж, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хугацаанд хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн 18 зөрчлийг илрүүлэн шалгаж, Монгол улсын зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу шалгалтын ажиллагааг явуулж, зөрчил гаргасан 12 иргэнийг 300.000 төгрөгөөр газар дээр нь торгож шийдвэрлэсэн төдийгүй аймгийн Онцгой байдлын газарт зөрчлийн 5 гомдлыг шилжүүлж, Бор-өндөр суманд нийтээр дагаж мөрдөх журам зөрчиж үйл ажиллагаа явуулсан нэг цахим тоглоомын газрыг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр эргүүлд хяналт шалгалтыг хоёр удаа нэгдсэн байдлаар хүч нэмэгдүүлэн зохион байгуулж, хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа худалдан борлуулсан хоёр зөрчлийг илрүүлж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС 9 УДАА ХУРАЛДАЖ 25 АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Хурлаар Аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Н.Чанцал өнгөрөгч хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 01-нийг хүртэлх Хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар, зорчих хуудас авч сум орон нутгаас орж, гарсан тээврийн хэрэгсэл, зорчигчдын мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, суудлын 287, ачааны 8 автомашинтай 1254 иргэн оршин суугаа сумдаасаа гарсан бол суудлын 292, ачааны 27 автомашинд 1003 зорчигч сумдад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас, зорчих эрхийн тасалбартайгаар нэвтэрчээ.
Тэрбээр мөн Улсын онцгой комиссоос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.
Үүнд: - Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нээхтэй холбогдуулан 3 дугаар сарын 5-ны өдрийг дуустал үндсэн 7 шалган нэвтрүүлэх цэгт нэмэлтээр онцгой байдал, мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн байгууллагаас хүн хүч нэмэгдүүлж ажиллуулах,
- Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт халдваргүйжүүлэлт, зорчигчдын эрүүл ахуй, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой заавар зөвлөмж өгч хяналт тавьж ажиллах,
- Хилийн боомтууд дахь халдварт вирусын сэжигтэй иргэдийг тусгаарлах үйл ажиллагааны явцад салбар хоорондын уялдааг хангаж аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг чиглэл болгожээ.
Шинэ төрлийн коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн онцгой комисс 9 удаа хуралдаж 25 асуудлыг шийдвэрлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллаж байна
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, ЗАСГИЙН ГАЗАРТ ХАНДИВ ӨГӨХ УРИАЛГА ГАРГАЛАА
Аймгийн онцгой комиссын гишүүн, аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун хурлын төгсгөлд мэдээлэл хийлээ. Тэрээр, хоёрдугаар сарын 27-ны хурлаар аймгийн Онцгой комиссын гишүүд, Онцгой комиссд нэг өдрийн цалингаа хандивласан. Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан ажлын ачаалал багатай төрийн байгууллагууд хамтран ажиллаж, энэ сарын 2-ныг хүртэлх тав хоногийн хугацаан дахь зардлыг шийдвэрлэх санаачилга гаргасныг дуулгаад, энэ хугацаанд аймгийн Боловсролын салбарынхан аймгийн Онцгой комиссд 650 амны хаалт ирүүлснийг, Цагдаагийн газар, ОБГ-т хүргүүлсэн. Мөн 700 амны хаалт аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт нөөцөлсөн байна. Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгүүд, аймгийн төвийн 11 цэгт 24 цагаар эргүүлд гарсан албан хаагчдад өдрийн гурван хоол хүргэж өгсөн. Түүнчлэн эргүүл постод гарч буй автомашинуудад аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мал эмнэлгийн газар, УЦУОШТ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Орон нутгийн өмчийн газар, Татварын хэлтэс, Биеийн тамир, спортын газар, БСУГ, ХХҮГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс шатахууны дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласанд аймгийн Онцгой комиссын гишүүдийн өмнөөс талархал илэрхийллээ.
Тэрээр үргэлжлүүлээд, Урлаг соёл, спортынхноос эхлүүлээд улс орон даяар Улсын онцгой комисс, Засгийн газарт хандив хүргэж эхэлсэн. Манай иргэдээс ч мөн хандив хүргэх санаачилга гаргаж эхэлсэн. Тиймээс бид нэгдсэн зохион байгуулалтад орж, мөнгөн дэмжлэг үзүүлье гэдэг уриалгыг аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүнээрээ зөвшилцөж шийдвэрлэсэн. Энэхүү уриалгад нэгдэж, хандив, тус нэмэр үзүүлэх санаачилгатай иргэдийг нэгдэхийг хүслээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарч БНХАУ-д 30000 хонь хандивлаж эхэлсэн. Тиймээс Хэнтий аймаг энэхүү хандивын үйлсэд хамтарч оролцох санаачилгыг гаргаж буйгаа дуулгаж, бүх сумдыг нэгдэж ажиллахыг уриаллаа
Өнөөдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн аймгийн Засаг даргын дараах захирамжаар дараах шийдвэр гарлаа.
1. Орон нутагт зорчигч тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагаас нээж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон зохион байгуулалтын холбогдох арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга Цагдаагийн хурандаа Б.Батсайхан, Авто тээврийн төвийн дарга Б.Ганбат, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болгож хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга нарт даалгав.
3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч /Г.Хэрлэнчулуун/, Шуурхай штабын дарга дэд хурандаа Н.Чанцал нарт даалгалаа.
СУРВАЛЖИЛСАН: С.ГАН-ЭРДЭНЭ ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ