Улсын аварга малчид, тариаланчид тодорлоо

2020.02.17
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ
Мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамр...

Мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг эзэмшин түүнийг боловсронгуй болгох, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулан эрүүлжүүлэх болон нийгэмд оруулж байгаа малчдын хувь нэмрийг үнэлж жил бүр Монгол улсын аварга малчин шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил Хэнтий аймгаас Улсын хошой аварга малчин нэг, улсын аварга малчин 9, улсын аварга саальчин нэг, улсын аварга тариаланч хамт олон нэг, улсын аварга тариаланч нэг шалгарчээ.

МУ-ын хошой аварга малчин өрхөөр Баянхутаг сумын Жаргалант багийн малчин Галсангийн Нарангэрэл шалгарсан бол

МУ-ын аварга малчин өрхөөр Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин Гомбын Өлзийхуяг, Норовлин сумын Баян-Өлзийт багийн малчин Лувсандашийн Баасандорж, Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Рапэлийн Эрдэнэтөгс, Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Фельчирийн Батсайхан, Галшар сумын Оч багийн малчин Дуламсүрэнгийн Очирбат, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны малчин Цэрэндоржийн Эрдэнэшагай, Цэнхэрмандал сумын Хужхан багийн малчин Цэрэндэжидийн Ганхуяг, Хэрлэн сумын Баянмөнх багийн малчин Энхтайваны Батзориг, Баянхутаг сумын Цантын хоолой багийн малчин Жигжигдийн Эрдэнэжаргал нар шалгарчээ.

Харин “Улсын аварга саальчин”-аар Баянмөнх сумын Хэрлэн багийн саальчин Найдангийн Хэрлэнцэцэг, “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Ж.Оюунбат захиралтай “Мөнхийн Дуурлиг” ХХК, “Улсын аварга тариаланч”-аар Хэрлэн сумын ногоочин Д.Осоржамаа нар тус тус тодорсон байна.

Тус шагналыг хөөцөлдөж шийдвэрлэхэд МУ-ын ерөнхий сайдын ажлын алба чамгүй хүчин зүтгэл гаргасныг албаны эх сурвалж дуулгалаа.

МУ-ын Засгийн газраас Аварга малчинд 4 сая төгрөг олгоно. Монгол Улсын газрын зураг бүхий гантиг чулуун суурин дээр цалин цагаан мөнгөөр бүрсэн 5 хошуу эцэг малын дүрс байршуулсан цом, цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, мөнгөн аяга, хадаг, өргөмжлөл, тууз, бусад шагналын эд зүйлсийг худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлдэг аж. Ташрамд дуулгахад энэ жил улсын хошой аварга, улсын аварга малчдыг тодруулахдаа малчин өрхөөр тодруулах шийдвэрийг МУ-ын Засгийн газар гаргажээ. Хэнтий аймаг сүүлийн гурван жил аймгийн аварга малчнаа өрхөөр тодруулж, гэрийн эзэгтэйн хөдөлмөрийг бодитойгоор үнэлж байгаа юм.