Мэдээ мэдээлэл
Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 94,8 хувь нь амьсгалын замын цочмог халдварт өвчтэй байна
Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын төрийн мэдээллийн төвд Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ж.Цолмонбаяр ирж мэдээлэл өглөө.
Тэрээр шинэ он гарснаас хойших тавдугаар долоо хоногийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 19 хувийг, түргэн тусламжийн дуудлагын 57,5 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгааг дуулгалаа.
Манай аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад 555 ор байдаг бөгөөд үүнээс насанд хүрэгчдийн 469, хүүхдийн 86 орыг нэмэлтээр зохицуулж ажиллах боломжтой гэлээ. Өнөөдрийн байдлаар аймгийн НЭ, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 227 хүн, 193 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 94,8 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай байгаагаас 9 хүүхдийн байдал хүнд, шуурхай тусламж үзүүлж байгаа аж. Тухайлбал, эдгээр 9 хүүхдийн тав нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, гурав нь Бор-Өндөр хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт, нэг хүүхэд Галшар сумын эрүүл мэндийн төвд эмчлүүлж байна. Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний сорьцыг авч, ХӨСҮТ-ийн лабораторид шуурхай хүргэж ажиллахын зэрэгцээ Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөгөө, зөвлөмжийг цаг тухай бүрт нь авч эмчилгээ, үйлчилгээндээ хэрэгжүүлэн ажиллаж байгааг тэрээр мэдээллээ.