Мэдээ мэдээлэл
Хөл хориог цуцалсан ч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамжийг үргэлжлүүлэн мөрдөнө
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 28-ны үдшийн 21-23 цагийн хооронд аймгийн Онцгой комисс өргөтгөсөн бүрэлдэхүүнээр шуурхай хуралдаж, Чингис хотын зургаан байршилд тогтоогоод байсан хөл хориог цуцаллаа.
Тодруулбал, Аймгийн нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр сарын 27-нд хүргэгдэж очсон 14 настай Н, эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийлгэж байгаад нас нөгчсөн золгүй явдалтай холбогдуулан Коронавирусын халдвар авсан байж болзошгүй гэх хардлага үүссэн учраас сорьц авч Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явуулаад байсан юм.
Үүнтэй холбоотойгоор аймгийн Нэгдсэн эмнэлэг, талийгаач Н-ийн амьдарч байсан орон сууцны ойр орчимд, Булаг хороололд гэх мэтчилэн зургаан байршилд хоёрдугаар хавьталт байж болзошгүй гэж үзэн хөл хорио тогтоож, Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас 34 албан хаагч, 16 автомашинтайгаар хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байсан.
Харин ЭМГ-ын дарга Ц.Гэрэлмаа болон ХӨСҮТ-ийн албаны эх сурвалжийн мэдээлснээр шинжилгээний сорьцын хариу нь гарч, коронавирус биш томуугийн A хүрээний H3N2 болох нь тогтоогдсон байна.
Тиймээс хөл хорио тогтоогоод байсан газруудыг цуцалж, ОБГ, Цагдаагийн албан хаагчдыг татан авлаа.
Харин аймгийн Онцгой комиссоос гаргасан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэрийг цуцлаагүй бөгөөд томуугийн дэгдэлт улсын дундажтай ижил түвшинд, дэгдэлт ихтэй байгаа учраас цаашид анхаарах хэд хэдэн асуудлыг авч хэрэгжүүлэхээ хурлаар хэлэлцэв.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЭХ, ДАРААХ ШИЙДВЭРҮҮД ХЭНТИЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЭРЭГЖИЖ БАЙНА. Үүнд:
- Олон нийтийг хамруулах төрөл бүрийн арга хэмжээг харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд түр хугацаагаар хязгаарлахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
- Үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж, мэргэжлийн заавар зөвлөмж өгч ажиллахыг Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар болон сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
- Иргэдэд үнэн зөв мэдээллийг хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дарга нарт үүрэг болгов.
- Өвчлөлийн байдалд хяналт тавьж, Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм эмнэлэг, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгов.
- Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ОБГ-ын дарга Н.Чанцалд үүрэг болгов.
- Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогчдод даалгасан байна.
Үүнчлэн өчигдрийн хурлаар Улсын онцгой комиссын шийдвэр, ҮАБЗ-ийн зөвлөмжийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Орон нутгийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг баримтлан ажиллах, комиссын гишүүд үүрэг даалгавраа ягштал биелүүлэх, Мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг хариуцлагаа өндөржүүлэхийг Онцгой комиссын дарга анхааруулав.
Мөн Хэрлэн сумын Онцгой комисс, сумын Засаг даргын захирамжийг харгалзан үзэж, зарим шийдвэрийг цуцлах талаар талууд зөвшилцөв. Ингэхдээ сумын онцгой комиссын хурлын шийдвэрээр цуцлагдах аж.