Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын шинэ барилга нээлтээ хийлээ

2020.01.08
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Хэнтий аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төвийн барилга ашиглалтад орлоо. Тус барилгыг улсын төсвийн 1 тэрбум 385.7 сая төгрөгийн хөрөнгөөр "Саран Инж Девелопмент" ХХК барилгын ажлаа өнгөрсөн жили...

Хэнтий аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төвийн барилга ашиглалтад орлоо.

Тус барилгыг улсын төсвийн 1 тэрбум 385.7 сая төгрөгийн хөрөнгөөр "Саран Инж Девелопмент" ХХК барилгын ажлаа өнгөрсөн жилийн намраас эхлүүлэн барьж, ашиглалтад орууллаа. Нийт 3500 м.кв, зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар тус барилга хоёр хурлын танхим, нэг зал, 23 өрөө, 11 ариун цэврийн өрөө, гражийн хамт баригджээ.

Тус төвийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга C.Эрдэнэжаргал, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Орон нутгийн өмчийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Музей, МСҮТ-ийн дарга, удирдлагууд, Саран Инж Девелопмент" ХХК-ийн ажилчид, ард иргэд, ХБИ-ийн төлөөлөл, тус байгууллагын ажилчид нийлсэн 80 гаруй хүн оролцлоо.

Шинэ барилгын тууз хайчлах ёслолын үеэр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөөс олон нийтэд хандан үг хэллээ.

Тухайлбал, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын дарга C.Эрдэнэжаргал “Манай байгууллага олон жил зориулалтын бус байранд ажиллаж ирсэн. Харин шинэ барилгын ажил 2016 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, ийнхүү ажил хэрэг болон нээлтээ хийж байна. Үүнийг шийдвэрлэхэд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Аймгийн Засаг даргад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Бид өнгөрсөн жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан үйлчилгээний хүрээнд 1187 иргэнд 1,4 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, нийгмийн халамжийн хүрээнд 45000 иргэнд 12,3 тэрбум санхүүжилт олгон ажиллаж байна” гэлээ.

Аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид аймгийн төв дээр төрийн үйлчилгээний 10 дахь байгууллагаа шинэчилж, ашиглалтад хүлээн авлаа. Үндсэндээ хуучирч муудсан, актлагдсан бүх барилгаа шинэчилж, дуусаж байна. Энэ жил Хэнтий аймагт 133,4 тэрбум төгрөгийн түүхэн бүтээн байгуулалт өрнөсөн бол ирэх жил 145 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсөвт сууж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар гэдэг бол хүн төрөхөөс эхлээд насан эцэслэх хүртэл хүний амьдралын бүхий л цаг хугацаатай шууд холбоотой төдийгүй хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орлого багатай ядуу хэсэг, ажилгүйчүүд, хүчирхийлэлд өртөгсөд зэрэг нийгмийн хамгийн эмзэг хэсгийн эрх ашгийг хамгаалан ажилладаг онцлогтой салбар...” гэдгийг онцолж, Хэнтий аймаг төрийн үйлчилгээг иргэддээ чирэгдэлгүй, түргэн шуурхай, тав тухтай орчинд хүргэх нөхцөл бүрдэж байна хэмээлээ.
Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан “Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төв ашиглалтад орсноор ажиллагсдын таатай ажиллах орчин нөхцөл бүрдэхээс гадна иргэддээ, зорилтот бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлчлүүлэгчдэд нийгмийн халамжийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэргэжлийн боловсрол сургалтын үйлчилгээ явуулахад бэрхшээлгүй боллоо” хэмээж, төрийн албан хаагчид чамбай ажиллаж, амжилт гаргахыг хүслээ.

ХХҮЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчТ.Бадрахбаяр: “Манай газар улсын хэмжээнд 1550 орчим ажилтантай. Байгууллага ажилчдынхаа таатай орчныг бүрдүүлэх, иргэддээ хүнд сурталгүй, чирэгдэлгүй, хөнгөн шуурхай үйлчилж, ая тухтай нөхцөлөөр хангахын тулд олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж буйн нэг нь энэхүү төвийн барилга юм. Хэнтийчүүдийнхээ нийгмийн халамжийн бодлогыг зөв тодорхойлох, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот иргэндээ хүргэх бодлогыг оновчтой хэрэгжүүлэх үүргийг Шинэ төвтэй болсон салбарын ажилчид маань урам зоригтой хүргэнэ гэдэгт итгэж байна. Энэ барилгын төсвийг батлуулах, барьж дуусгахад энэ нутгаас сонгогдсон гишүүд, ялангуяа аймгийн Засаг даргын идэвх санаачилга оролцоо нэлээд их байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай нягт ажилладаг удирдлага. Сүүлийн жилүүдэд Хэнтий аймгийн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд үнэхээр өсөж байгаа нь харагдаж байна” гэв.

Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар үндсэн 48 орон тоотой бөгөөд үүн дээр ахмадын сувиллынхаа ажилчидтай нийлээд 60 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд шинэ төвийн нээлтэндээ зориулж тус газрын түүхэн товчооныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан байлаа.

Шинэ барилгын нээлтийг тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар салбартаа үр бүтээлтэй ажилласан зарим ажилчдыг шагналаа.

Тухайлбал, Ч.Хонгорзул, Ш.Батцэцэг, н.Оюунгэрэл нарыг “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Э.Одхүү, Л.Эрдэнэтулга, н.Батсуурь, А.Пүрэвдолгор нарыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух” бичгээр шагнаж урамшууллаа.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Иргэдэд үйлчлэх төв”-ийн барилгыг гэрээт хугацаандаа чанартай барьж, хүлээлгэн өгсөн “Саран инж деволопмент” ХХК-ийн менежер С.Батдэмбэрэл, инженер З.Хишигбаатар нарт аймгийн Засаг даргын “Жуух бичиг” гардууллаа.