УРИАЛГА

     Аймгийн хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрч, үндэсний минь үнэт баялаг болсон мал аж ахуйн салбарт хохирол учирч болзошгүй байгаа энэ цаг үед байгалийн давагдашгүй хүчин зүйлээс урьтаж малчин түмэндээ тусламжийн гараа сунгаж, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг Хэнтийчүүд та бүхэндээ уриалж байна.

     Манай оронд ойрын жилүүдэд тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээ гарч аймгийн хэмжээнд цасны зузаан дунджаар 15-30 см, нягтрал нь 0,36 м куб болон хатуурч малын бэлчээргүй болж байгаа нь өвөлжилт, хаваржилтад хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

     Тиймээс Хэнтийчүүд та бид, малчин түмэндээ сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж, цаг зуурын хүндрэлийг даван туулах итгэлийн их дэм өгөх үйлсийг хамтдаа эхлүүлцгээе хэмээн нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон та бүхэнд уриалж байна.

     Таны халуун сэтгэлийн хандиваар цугласан эд материал, сэтгэлийн өглөг шаардлагатай газраа, хэрэгтэй хүндээ хугацаа алдалгүй хүрч “Мичин жил”-ийн өвлийг хамтын хүчээр хохирол багатай даван туулж, энх хавартай учран золгоно гэдэгт итгэл дүүрэн байна.

 Халуун сэтгэлээр малчин түмэндээ тусалж

Хатуу өвлийг хамтдаа даван туулъя

 Хэнтий аймгийн Засаг дарга  Н.Ганбямба

Сэтгэгдэл бичих

Цаг агаар