ХӨЛӨГ БООРЧИЙН НУТГААС “УЛСЫН САЙН МАЛЧИН” ТӨРЛӨӨ  

 Хонин жилийн босгон дээр Хан Хэнтий нутгаас хөдөө аж ахуйн салбарт олон сайчууд тодорсоны нэг нь Батноров сумын Эрдэнэчандмань багийн малчин, аймгийн алдарт уяач Дугарын Наранчимэг юм. Тэрээр сар шинийн баярын босгон дээр улсын сайн малчнаар тодорч, нутгийн зон олноо баярлуулаад байна. Шинийн нэгний билэгт сайн өдөр УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг нар болон Батноров сумын удирдлагууд, Д.Наранчимэгийн ах дүү төрөл садан зэрэг хүмүүс хөдөө хотонд нь зорин очиж, шинэлэн  түүний энэхүү эрхэм хүндтэй шагналыг гардуулан өглөө.

Мөн энэ үеэр Хэнтий аймаг дахь тус сумын нутгийн зөвлөлөөс ХХААГ-аас шагнасан “Хүнс хөдөө аж ахуйн Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Д.Наранчимэг Батноров сумынхаа Эрдэнэчандмань багт 15 настайгаасаа мал маллах арга ухаанд суралцан өссөн бөгөөд нэгдэл нийгмийн үед адуучин, үхэрчин, хоньчноор ажиллаж гавьяат нэгдэлчин Намжил гуайн туршлагаар замнасан нь их амжилтын эхлэл болжээ. Шинэ мянганы эхэнд аймгийн алдарт уяач цолоор энгэрээ мялааж явсан шинэхэн улсын сайн малчин маань өдгөө 300 гаруй адуу, 70-аад үхэр, 500 гаруй хонь, 200 гаруй ямаа, 50 орчим тэмээ нийлсэн 1200 гаран толгой мал тоолуулжээ.

Эргэн дурсахад Батноров сумаас 12 жилийн өмнө тус сумын Нэгдүгээр багийн малчин Г.Энхтайван “Улсын сайн малчин” цолоор шагнагдаж байсан юм. Харин өнөөдөр 12 жилийн дараа ийнхүү XVII жарны модон Хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Хөлөг Боорчийн өлгий нутаг Батноров сумаас улсын сайн малчин төрлөө. Булган сүүлтэй байж олон арван улсын сайн малчдыг араасаа дагуулж, улсын гавьяат малчин болох ерөөлийг дэвшүүлье.

sainmalchin01

Сэтгэгдэл бичих

Цаг агаар