УЛСЫН ОНЦГОЙ КОМИССООС ХЭНТИЙ АЙМАГТ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН 3 АВТОМАШИН, 210 ТОНН ӨВС ГАРДУУЛЛАА

         Өнөөдөр МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүн Хэнтий аймагт ажиллалаа.

     Энэ үеэрээ Баянмөнх, Дадал, Баян-Адрага сумдад нэн тулгамдаад байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 3 автомашиныг гардуулан өглөө.

     Мөн аймгийн Онцгой комиссыг хуралдуулж өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлтэй танилцсан юм.

     Хэнтий аймгийн нутагт өнгөрөгч  оны 4 дүгээр улиралд орсон цасны улмаас Баян-Овоо, Батноров, Норовлин, Дадал, Баян-Адрага, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Хэрлэн сумдад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч цасны зузаан тэгш газартаа 5-30 см, хунгарласан газартаа 40-60 см болж тогтвортой цасан бүрхүүл тогтон, байнга явган шуурга шуурч байгаагийн улмаас цасны хөрсний зузаан 2-3 см, зарим газартаа 8-9 см хүрч хатуурч мал бэлчээрлэлтэнд сөргөөр нөлөөлж байна. Дээрх 11 сум Цагаанаар зудархуу ангилалд багтаж байгаа бөгөөд Баянхутаг сум, Хэрлэнбаян-Улаан тосгонд туурайн зуд үүсэх нөхцөл байдал бүрдээд байгаа тухай аймгийн онцгой байдлын газраас мэдээлэл хийсэн юм.

     Уг хуралдааны төгсгөлд МУ-ын Шадар сайд орон нутгийн удирдлагуудад дарах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд Засгийн газраас олгож буй мөнгө, эд материалын зарцуулалтад хяналт тавих, хүн амын эрүүл мэндэд онцгой анхаарал тавих, өвөлжилт хүндэрсэн малчин өрхийн судалгааг гарган бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн төсөв хүрэлцэхгүй тохиолдолд Улсын онцгой комисст хандан тусламж хүсэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

       Хуралдааны дараа Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг болон аймгийн Засаг даргаар ахлуулсан багийн хамт өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдын малчдад 210 тонн өвс, тэжээл, эд материалын тусламж үзүүлэхээр Баян-Адарга, Дадал, Норовлин сумдыг зорилоо.

DSC_0286

DSC_0200IMG_0800

Сэтгэгдэл бичих

Цаг агаар