МЭНДЧИЛГЭЭ

     Буурал түүхийн өлгий Хан Хэнтий нутгийн минь зон олон та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг дэвшүүлэе ээ.

     Та бүхэнтэйгээ амжилт, ололт дүүрэн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах торгон мөч ойртож байна.

     Өнгөрөн одож буй 2016 онд төрөлх нутгийн ард, зон маань итгэл хүлээлгэн аймгийн Засаг даргын бүрэн эрхийг олгосноор богино болон урт хугацааны бодлого, зорилтыг хэрэгжүүлэх гарааны жил боллоо.

     Бид “Хэнтий аймгийн ногоон хөгжилд суурилсан тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2030″ бодлогын баримт бичиг батлуулсан анхны аймаг болж, байгалд ээлтэй аймаг болох уриа дэвшүүлэн ажиллаж байна.

     Жонангийн ёсны 14 их хамбын нэг  “Жонан Ханчэн” гэгээн Өмнөдэлгэр сумаас тодорсоныг ёсчилсон нь та бидний төдийгүй Хэнтий нутгийн минь ард түмний буян заяа өөдөө байгааг харууллаа.

    Галшар омгийн адууг үүлдэр болгон баталгаажуулж Монгол улсад төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдлөө.

     Мөн бүтээн байгуулалтын салбарт ч чамгүй амжилт гаргалаа. Цаашид ч хийх ажлуудын эхлэл тавигдсан жил боллоо.Ерөнхий сайдын нөөцөөс санхүүжилтийг нь шийдвэрлэж цахилгаан, дулаан холбогдсоноор Шинэ Өндөрхаан хороолол, Үндэсний Лобортори 1 дүгээр сургуулийн 928 хүүхдийн шинэ байр ашиглалтанд орж чанар стандартын шаардлага хангасан цэвэр тохилог байрандаа хүүхдүүд маань хичээллэж байна.

     Саяхан шинэ оны босгон дээр ТОСК-ийн эхний ээлжийн 120 айлын орон сууц ашиглалтанд орлоо. Тун удахгүй бид эмнэлэгийн шинэ байр, чуулгын байраа хүлээн авна.

     Бид энэ оныхоо төсвийн орлогыг  100 хувь биелүүлж, өнөөдрийн байдлаар өргүй аймаг боллоо. Сумдаас ирж байгаа мал тооллогын мэдээгээр мал сүрэг минь 5 төрөлдөө өссөн дүн харагдаж байна.

     Мөн олон жилийн турш хуримтлагдаад байсан Монголросцветмет ХХК-аас авах ёстой татварын болон нийгмийн даатгалын 7 тэрбум гаруй төгрөгний авлагын асуудал шийдэгдэж сар бүр тодорхой хувиар төлж барагдуулах тохиролцоонд хүрлээ.

     Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн удирдлагууд 18 сум 5 тосгонд ажиллаж малчдынхаа амьдрал ахуйтай танилцлаа. Засаг даргын зүгээс өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдуудад туслах уриалга гаргасны дагуу төрийн болон төрийн бус байгууллага ААН, иргэдийн маань халуун сэтгэлийн хандивын аян үргэлжилсээр байна. Мичин жилийн өвөл хатуу гэж ярилцдаг ч та бид хамдаа  хахир өвлийг мэнд давж дулаан хавартай учран золгоно гэдэгт итгэл дүүрэн байна.

     Ирж буй шинэ онд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэж, шинээр хийх ажлынхаа эхлэлийг зөв тавьж, та бидний хамтын ажил улам өөдрөг бүтэмжтэй байх болтугай. Хэнтий аймгийн минь хөгжил дэвшил та бүхний хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой гэдгийг дахин дахин хэлмээр байна.

    2017 онд Хэнтийчүүд маань хувь ерөөл тэгш, хөдөлмөр бүтээл арвин, түвшин жаргалтай, дүүрэн баяртай байх болтугай.

Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

Сэтгэгдэл бичих

Цаг агаар